Намрын өнгө ба ногоон байгууламж
Хураангуй
Зуны дэлгэр цаг өнгөрөн намрын улирал ирж Улаанбаатар хот моддын шаргал навчсаар өнгөө засжээ. Мод, бут, ургамлын өнгө төрх, түүний төрөл зүйл нь хотын өнгө үзэмжид гоо сайхны чимэг болохоос гадна хотын иргэдийн сэтгэл зүйд мөн нөлөөлдөг аж. Энэхүү нийтлэлээр намрын өнгийг бүтээн хотыг чимж буй моддын талаар болон мод бутны өнгө яагаад ногоон байгууламжийн төлөвлөлтөд чухал үүрэгтэй талаар тайлбарлахыг зорилоо.
Навчны өнгө өөрчлөгддөг шалтгаан
Намрын улиралд өдрийн урт богиносон, нарны илч буурахад навч доторх шингэн зөөвөрлөх үүрэгтэй нарийн судаснууд хаагдан шим тэжээлээ нөөдөг. Ингэснээр навчны өнгө өөрчлөгдөн хатаж унахад бэлтгэгддэг байна. Агаарын температур бууран ургамлын хлорофил задарч эхлэхэд бусад өнгөний пигментүүд (carotenoids, flavonoids, xanthophylls, anthocyanins) тодрон улаан, шар, улбар өнгөнүүдийг бүтээнэ (DEMİREL et al., 2023). Модод навч, шилмүүсний өнгөө өөрчлөх нь өөрийгөө хамгаалах нэг арга бөгөөд дараах гол шалтгаантай:
1. Үр жимсээ тараах – Үр жимс боловсорсныг амьтдад мэдэгдэн үр тархалтыг нэмэгдүүлэх
2. Хамгаалалт – Улаан навчтай мод шавж хорхойнд мод өөрийгөө хамгаалж байгааг илтгэх дохио болно. Тод өнгийн навчин дунд шавж нуугдахад хэцүү болдог
3. Нөөц багассаны дохио – Улаан шар пигмент навч хөгшрөн шим тэжээлийн нөөц багассаныг илтгэдэг (Lev-Yadun & Gould, 2007).
Дэлхийн хойд хэсэг буюу Northern Hemisphere-д моддын титмийн өнгө өөрчлөгдөх нь түгээмэл байдаг. Намрын улиралд нар сайн тусдаг боловч температурын савлагаа ихтэй, дулаан өдрүүд богино, эрт хүйтэрдэг газар нутгуудад моддын титмийн өнгө илүү тод хувирч олон өнгөөр алагладаг байна (Renner & Zohner, 2019).
Улаанбаатар хотын модод
Хотын ногоон байгууламжид тухайн бүс нутагт уугуул ургадаг, уур амьсгалд зохицсон, цаг агаарын онцгой нөхцөлд тэсвэртэй мод сонгох нь чухал. Монгол орны ой модны ихэнхийг Шинэс (Larix sibirica), Нарс (Pinus sylvestris), Хуш (Pinus sibirica) мод эзэлдэг (Batsaikhan et al., 2024) бол Улаанбаатар хотын гудам дахь таримал моддыг Улиас мод (Populus laurifolia) давамгайлж байна (Kasimov et al., 2011). Намрын улиралд навч болон шилмүүсний өнгөө өөрчлөн гөвдөг модод дундаас Улаанбаатар хотод Шинэс (Шилмүүст); Улиас, Хус, Хайлаас (Навчит) түлхүү ургадаг.
Навчны өнгөнд суурьлан ногоон байгууламжийг төлөвлөх
Завгүй бужигнасан хот дотор тайван амгалан байгаль орчинтойгоо холбогдох боломжийг ногоон байгууламж олгодог билээ (Odhengo et al., 2024). Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгээр зочилж очсоноор хүмүүсийн биеийн эрүүл мэндээс гадна сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй байдаг (Kondo et al., 2018). Ногоон байгууламжийг төлөвлөхөд олон төрлийн элементийг оролцуулан анхаарах хэрэгтэй байдгаас нэг чухал элемент бол аестетик буюу гоо зүй юм. Аливаа ногоон байгууламжид хүний хараа өнгө болон түүний зохицлыг хамгийн түрүүнд анзаарч, түүнээс гоо зүйг олж анхаардаг тул мод ургамлын өнгө, хэлбэр хэмжээг тааруулан төлөвлөх нь маш чухал (Melinescu & Cosmulescu, n.d.). Олон төрлийн өнгө алагласан намрын моддыг харсан хүний сэтгэл санаа дээшилж, стресс бууран, анхаарах төвлөрөл нэмэгддэг байна (Yin et al., 2024). Хотын модод зөвхөн ногоон өнгөтэй биш, олон төрлийн өнгө алаглах нь иргэдийн хувьд илүү тааламжтай байдаг, мөн намар навчаа гөвдөг моддыг мөнх ногоон мододтой зэрэгцүүлэн тарьснаар моддын өнгө үзэмжийг урт хугацаанд хадгалах боломж олгодог (Dianati et al., 2025). Моддын өнгө болон тэдний хамтын зохицол орчны үзэмжинд хэрхэн нөлөөлдөг тухай Хятадын эрдэмтэд (Luo et al., 2023) 12 цэцэрлэгт хүрээлэнд судалгаа хийснээр доорх өнгөний тайлбарыг гаргажээ.
Дулаан өнгө давамгайлах
Улаан, улбар, шар зэрэг дулаан өнгө давамгайлсан үед намрын зөөлөн дулаан уур амьсгал бүрддэг. Намар ирснийг тод санагдуулж, зохицол сайтай орчин үүсгэнэ.
Дулаан – Хүйтэн хоршуулах
Ихэнх мод ногоон хэр нь улаан, шар өнгөөр тодотгосон байвал илүү хүчтэй гоо зүйн хоршил үүсдэг.
Олон төрлийн өнгө холих
Хэт олон өнгө холих зохимжгүй, дээд тал нь 5 – 7 өнгө байхад хангалттай байдаг. Үүнээс хэтэрвэл гоо зүйн талаас тохиромжгүй. Хоорондоо уусаж нэгдэх боломжтой, ойролцоо өнгийг сонговол илүү сайн зохицон хүний хараа булаана.
Энэ мэтчилэн ногоон байгууламжид тарих мод, ургамлыг сонгохдоо намар өөрчлөгдөх навчны өнгө, хавар цэцэглэх цэцгийн өнгө, зун дэлгэрэх навчны өнгө хэлбэрийг харгалзан үзэх хэрэгтэй. Эдгээрийг сайтар төлөвлөж чадвал аливаа цэцэрлэгт хүрээлэн аль ч улиралд хүний хараа татаж, цаг заваа өнгөрөөх тухтай орчин болох боломжтой билээ.
Reference
Batsaikhan, G., Udval, B., Naranbayar, E., Ganbold, B., & Dulamsuren, C. (2024). Growth dynamics and decaying status of Siberian pine forest of the Ulaanbaatar green zone. Mongolian Journal of Botany, 6(32), 97–113. https://doi.org/10.5564/mjb.v6i32.3823
DEMİREL, Ö., • E. D., KONAKOGLU, S. S. K., CELIK, K. T., ŞAHİN, C. K. U. Ş., ONAY, B., DÜZGÜNEŞ, E., GÜL, A., TOPAL, T. Ü., YORULMAZ, E., & others. (2023). Landscape Research III. Livre de Lyon. https://books.google.hu/books?id=_KDrEAAAQBAJ
Dianati, S., Eslami, A., Kaviani Livani, B., Roshani, M., & Pourramazan, I. (2025). Aesthetic of Suitable Tree and Shrub for the Green Space of the Mountainous Cities of Northern Iran. مطالعات مدیریت توسعه سبز, 4. https://doi.org/10.22077/jgdms.2024.7446.1108
Kasimov, N. S., Kosheleva, N. E., Sorokina, O. I., Gunin, P. D., Bazha, S. N., & Enkh-Amgalan, S. (2011). An ecological-geochemical assessment of the state of woody vegetation in Ulaanbaatar city (Mongolia). Arid Ecosystems, 1(4), 201–213. https://doi.org/10.1134/S2079096111040081
Kondo, M., Fluehr, J., McKeon, T., & Branas, C. (2018). Urban Green Space and Its Impact on Human Health. International Journal of Environmental Research and Public Health, 15(3), 445. https://doi.org/10.3390/ijerph15030445
Lev-Yadun, S., & Gould, K. S. (2007). What do red and yellow autumn leaves signal? The Botanical Review, 73(4), 279–289. https://doi.org/10.1663/0006-8101(2007)73%5B279:WDRAYA%5D2.0.CO;2
Luo, Y., He, J., Long, Y., Xu, L., Zhang, L., Tang, Z., Li, C., & Xiong, X. (2023). The Relationship between the Color Landscape Characteristics of Autumn Plant Communities and Public Aesthetics in Urban Parks in Changsha, China. Sustainability, 15(4), 3119. https://doi.org/10.3390/su15043119
Melinescu, A., & Cosmulescu, S. (n.d.). THE AUTUMN LEAF CHROMATICS OF FRUIT TREE SPECIES AND THEIR AESTHETIC EFFECT.
Odhengo, P., Lutta, A. I., Osano, P., & Opiyo, R. (2024). Urban green spaces in rapidly urbanizing cities: A socio-economic valuation of Nairobi City, Kenya. Cities, 155, 105430. https://doi.org/10.1016/j.cities.2024.105430
Renner, S. S., & Zohner, C. M. (2019). The occurrence of red and yellow autumn leaves explained by regional differences in insolation and temperature. New Phytologist, 224(4), 1464–1471. https://doi.org/10.1111/nph.15900
Yin, M., Li, K., Xu, Z., Jiao, R., & Yang, W. (2024). Exploring the impact of autumn color and bare tree landscapes in virtual environments on human well-being and therapeutic effects across different sensory modalities. PLOS ONE, 19(4), e0301422. https://doi.org/10.1371/journal.pone.0301422
Хотын ногоон байгууламж, түүний ангилалд өгөх санал
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээгээрэй.
