MAE Logo
Эрдэм шинжилгээ, судалгаа

Хотын ногоон байгууламж, түүний ангилалд өгөх санал

Нийтэлсэн: З.Туяа·

Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн үндэс нь байгаль орчны менежмент билээ. Монгол улсын хүн амын дийлэнх нь оршин сууж буй хотын байгаль орчны менежментээс амьдрах орчны чанарын асуудал хамаардаг. Агаарын бохирдол, хөрсний доройтол бий болж хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд оршин суух нөхцөл алдагдсан өнөөгийн нөхцөлд хотын байгаль орчны асуудал, түүнийг сэргээн цэцэрлэгжүүлэх асуудал хурцаар тавигдаж байгаа билээ.

Улаанбаатар хотын 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн барилгажсан хэсгийн хязгаарыг тодорхойлж, анх удаа хотын хил хязгаарыг нийт 35206 га газар нутгаар тогтоосон билээ. Энэхүү төлөвлөгөө нь энэ хилийн цэсийн хүрээнд боловсруулагдах тул хилийн цэс дэх ногоон байгууламж, цэцэрлэгжилтийн асуудлыг тодорхойлж судлав. Цэцэрлэгжилт ногоон байгууламжийн албан ёсны ангилал болон мэдээллийн сан бүрэн бүрдээгүй, мөн хотын кадастрын мэдээллийн санд хувь иргэн аж ахуйн нэгжийн газрын мэдээлэл байхаас өөр бусад зориулалтыг бүртгэж авдаггүй тул бид ногоон байгууламжийн талбарын судалгааг нээлттэй мэдээллийн эх үүсвэр ашиглан газрын мэдээллийн системд зураглал хийж тоон мэдээллийг одоогийн ашиглалт, зориулалтаар ангилах саналыг Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө болосвруулах ажлын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Энэ ангилалыг цаашид мэргэжлийн байгууллагуудын дунд хэлэлцүүлж албажуулах нь зүйтэй юм.

Улаанбаатар хотын хил хязгаарыг тогтоосонтой холбогдуулан Нийслэлийн хувьд хотжилтыг хянах, Хотжилтыг идэвхижүүлэх гэсэн газар ашиглалтын хязгаарыг тогтоох хэрэгцээ шаардлага гарах тул дээрх байдлаар тодорхойлсон ногоон бүсүүдийг цаашид мэргэжлийн байгууллагын хүрээнд хэлэлцүүлж эцэслэн шийдвэрлэх шаардлагатай. Жишээ нь Улаанбаатар хотын хилийн цэсэд зуслангийн бүс ороогүй хэдий ч хотын иргэд хамгийн идэвхтэй ашиглаж, газар эзэмших эрх нээгдэж, газрын харилцаа үүссээр байтал одоог хүртэл уг бүсэд газар ашиглаж, эзэмшиж буй иргэдийн ногоон бүсийн үүрэг хариуцлага хот байгуулалтын тухай хуулиар олгосон заалтын хүрээнд тодорхой ч олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж хотын дундын соёл болж хөгжүүлэх ажил хийгдэхгүй байсаар байна. Үүнд ногоон байгууламжийн энэхүү ангилалаар мэдээллийг нэгтгэж хотын ногоон байгууламжийн мэдээллийн баазыг үүсгэн үйл ажиллагааг бүс бүрийн онцлогт нийцүүлж зохицуулах боломжийг олгох болно.

Ногоон байгууламжийн нэгдсэн ангиллын талаар “Хот төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”, “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”, “Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хөрөнгө оруулалтын ТЭЗҮ”, “Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ашиглалт хамгаалалтын ажлын хүрээнд баримтлах журам” гэсэн 4 баримт бичигт тодорхойлсон ногоон байгууламжийг ангилаж байна.

Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм бнбд 30-01-04

Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-д Хот тосгоны цэцэрлэгжүүлэлтийг төлөвлөхдөө нийтийн хэрэгцээний, хязгаарлагдмал зориулалттай, тусгай зориулалттай гэсэн ангиллыг баримтална гэж тусгасан байдаг. Үүнд:

•Нийтийн хэрэгцээний цэцэрлэгжүүлэлтэнд хот тосгоны нийтийн хэрэгцээний зориулалттай цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэгт төгөл, орон сууц, үйлдвэрийн хорооллын чанартай цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэгт талбай, цэцэрлэгт гудамж, модот гудамж болон зүлэгжүүлсэн гудамж хамрагдана.

•Хязгаарлагдмал зориулалттай цэцэрлэгжүүлэлтэнд сургууль, цэцэрлэг, ясли, эмнэлэгийн байгууллага, авто болон төмөр замын барилга байгууламжийн хамгаалалтын зурвас, иргэн, олон нийтийн барилгын эдэлбэр газрын цэцэрлэгжүүлэлт орно.

•Тусгай зориулалтын цэцэрлэгжүүлэлтэнд ботаник цэцэрлэг, орон сууцны хорооллыг үйлдвэрийн газраас тусгаарласан хамгаалалтын бүс, гудамж замын цэцэрлэгжүүлэлт, гуу жалга зэрэг хөрсний эвдрэл, элсний нүүлт зэргээс хамгаалсан ногоон суулгамал болон гол горхи, нуур цөөрмийн эргийн хамгаалалтын зурвас, хүчтэй салхи, элс, цасны хунгарлалтаас хамгаалсан ногоон байгууламж орно гэж заасан байна.

Түүнчлэн хот тосгоны хүн амын суурьшлын бүсийн цэцэрлэгжүүлэх бүс, цэнгэлдэх хүрээлэн, цэцэрлэг, цэцэрлэгт гудамж зэргийг дараах байдлаар ангилжээ. Үүнд:

Хотын чанартай цэцэрлэгт хүрээлэн

Хорооллын чанартай цэцэрлэгт хүрээлэн

Хороолол дүүргийн суурьшлын бүсийн цэцэрлэгт хүрээлэн

Бичил хорооллын ба хороолол дундын цэцэрлэгт хүрээлэн

Цэцэрлэгт талбай ба цэцэрлэгт гудамж

Хэдийгээр ботаникийн цэцэрлэгийг тусгай зориулалтын цэцэрлэгжүүлэлтэнд тооцохоор уг нормд заасан боловч, Ц. Мөнхжаргал доктор нь нийтийн хэрэгцээний ногоон байгууламжид / доктор нь байгууламжийг суулгамал гэж бичсэн байна/ “дэлхийн жишгээр авч үзвэл соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн, ландшафтын архитектурын түүхэн дурсгал болон, угсаатны зүйн үндэсний парк, дурсгалын парк, ботаникийн цэцэрлэг, хүүхдийн парк, дендрарий, сквер, бульвар, гудамжийн талбайн ногоон суулгамал багтдаг” гэсэн байна. Өөрөөр хэлбэл ботаникийн цэцэрлэг, дендрарий нь зориулалт нь улсын ургамлын генофондыг хадгалж, судлах тусгай зориулалтын боловч нийгэмдээ таниулах, түгээн дэлгэрүүлэх нийтэд хандсэн үйл ажиллагааны хувьд нийтийн зориулалт бүхий 2 талт цэцэрлэг байх боломжтой.

Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ашиглалт хамгаалалтын ажлын хүрээнд баримтлах журам

Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ашиглалт хамгаалалтын ажлын хүрээнд баримтлах журамд ногоон байгууламжийг үүрэг зориулалтаар нь

Нийтийн эзэмшлийн

Хязгаарлагдмал /байгууллага орчмын/

Орон сууцны хорооллын

Тусгай зориулалтын болон Туул, Сэлбэ, Дунд голын дагуух хотын барилгажсан хэсэгт хамаарах зурвас бүс гэж ангилна.

Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хөрөнгө оруулалтын техник эдийн засгийн үндэслэл

ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд Тасганы овоо цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг хэрэгжүүлсэн туршлагаас харахад том, жижиг талбайг зааглах тохиромжит босго хэмжээ нь 5 га байхаар байна. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл 5 га-аас том талбайд ногоон бүтээн байгуулалт хийн гэдэг нь тусгай боловсруулалт, бэлтгэл ажил, төсөлд суурилсан удирдлагын арга хандлага шаардсан ажил болох нь хэд хэдэн жишээнээс харагдсан.

Энэхүү тайлангаар талбайн босго хэмжээг 5 га гэж үзэн нийтийн зориулалттай ногоон байгууламжийг 3 ангилсан ба ангилал тус бүрийн онцлог шинжийг доорх хүснэгтэд үзүүлэв. Жижиг хэмжээтэй ногоон байгууламжийг хөгжүүлэх төлөвлөгөө (ЖХНБХТ) нь барилгажсан талбайд (Төрийн ордны хойд цэцэрлэг, орон сууцны дундах хүүхдийн тоглоомын талбай) байрлах хязгаарлагдмал байрлал болон хэмжээнээсээ шалтгаалаад үзүүлэх үйлчилгээ нь ч мөн хязгаарлагдмал байдаг ногоон байгууламжид хамаарна. Сийрэгдүү байгууламжит орчинд (гэр хороолол: иргэдийг нүүлгэн шилжүүлэх хөтөлбөр, ҮЦХ: ямар ч барилга байгууламжгүй задгай талбай) олон төрлийн үйлчилгээ үзүүлэх боломж бүхий II болон III ангиллын ногоон байгууламжид төсөлд суурилсан удирдлагын арга хандлагыг нэвтрүүлэхийг зөвлөсөн байна

Энэхүү ангилал нь ногоон байгууламжийн үүрэг, зориулалтыг тодорхойлж буй ангилал бус гагцхүү ногоон байгууламжийг бүтээн байгуулах, тэдгээрийн тогтвортой ажиллагааг хангахад шаардагдах нөөцийг үр бүтээлтэй ашиглах зорилгоор тэдгээрийн үүрэг хариуцлагын дарааллаар харуулсан хэлбэр гэж тайланд тайлбарласан байна. Тухайлбал, II ангиллын ногоон байгууламжийн үүрэгт эко-системийн хамгаалалт чухлаар тавигдах бол III ангиллын ногоон байгууламжуудын хувьд хүмүүсийн ирж очих давтамжийг өндөр байлгах нь чухал байх гэх мэт.

Ингэж бүлэг болгон ангилах нь төлөвлөлт, бүтээн байгуулалт, тохижилтод ерөнхий шаардлага тогтооход хялбар болох болно гэж үзжээ. Жишээ нь, байгаль орчны хувьд нэн эмзэг II ангиллын ногоон байгууламжийн бүтээн байгуулалт, хөгжүүлэх асуудалд чиглүүлэхдээ байгаль орчныг нь гэмтээж болзошгүй хүнд ажиллагааг хориглох, гэх мэт. Нөгөөтэйгүүр, гэр хороололд тохижилт үйлчилгээний ажлыг олноор нь эхлүүлснээр ажлын байр бий болгох боломжийг нэмэгдүүлнэ гэжээ.

Эдгээрээс харахад ногоон байгууламжийг нэгдсэн байдлаар тодорхойлж ойлгоход хэд хэдэн хэлбэр ангилах шаардлага гарч байна. Үүнд:

1.Ногоон байгууламжийг байгуулах газрыг ашиглах зориулалт, орон зайн хамаарлаас

2.Ногоон байгууламжийг байгуулах зорилгоос хамаарсан

3.Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэхэд түүнийг бүрдүүлэх нэгж хэсгээс хамааруулж ангилах боломжтой байна.

Ногоон байгууламжийн газрыг ашиглах зориулалт, орон зайн ангиллыг Хот байгуулалт барилгажилтын норм ба дүрэм, Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ашиглалт хамгаалалтын ажлын хүрээнд баримтлах журам, Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хөрөнгө оруулалтын техник эдийн засгийн үндэслэл, Хот байгуулалтын тухай хууль, Хот дахин хөгжүүлэх тухай хууль, Газрын нэгдмэл сангийн журам зэрэг баримт бичгүүдэд үндэслэн ногоон байгууламжийн ерөнхий 3 төрлийн ангилал боловсруулсан бөгөөд үүнийг нарийвчлан хувааж 43 ангиллын дагуу Улаанбаатар хотын суурьшлын хэсгийн газар ашиглалтын зориулалт бүр дээр газарзүйн мэдээллийн ситемийн ArcGIS програмын тусламжтайгаар орон зайн анализ хийж мэдээллийн сан үүсгэн код өгч Calculator түүлийг ашиглан талбайн хэмжээг бодож га-аар илэрхийллээ.

Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм Бнбд 30-01-04-д хот тосгоны цэцэрлэгжүүлэлтийг төлөвлөхдөө нийтийн хэрэгцээний, хязгаарлагдмал зориулалттай, тусгай зориулалттай гэсэн ангиллуудад хуваана гэсэн байна. Энэхүү ангилал нь орон зайн зохион байгуулалтыг хийхэд илүү ашиглагдана гэж үзэн ногоон байгууламжийн талбайг дараах байдлаар ангиллаа.

1.Нийтийн хэрэгцээний ногоон байгууламж

2.Хязгаарлагдмал зориулалттай ногоон байгууламж

3.Тусгай зориулалттай ногоон байгууламж

Ангиллуудыг мэдээллийн санд бүртгэхэд хялбар болгох үүднээс үндсэн 3 бүлэгт 8 дэд ангилал 43 ангиллыг тогтоох саналыг боловсруулж тус бүрт код өгсөн ба энэхүү кодийн эхний том үсэг нь (Н- Нийтийн хэрэгцээнд цэцэрлэгжүүлэх талбар) Ерөнхий ангиллыг, 2 дахь ромбо тоо нь бүлгийг (Н-I –Гудамж, зам талбай), 3 дахь раб тоо нь ангиллын (Н-I-1- Цэцэрлэгт гудамж /Аллей, Булевар/), утгыг илэрхийлнэ.

Нийтийн хэрэгцээний ногоон байгууламж

Хот байгуулалт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-оор хотын нийтийн хэрэгцээний зориулалттай ногоон байгууламжид хот тосгоны нийтийн хэрэгцээний зориулалттай цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэгт төгөл, орон сууц, үйлдвэрийн хорооллын чанартай цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэгт талбай, цэцэрлэгт гудамж, модот гудамж болон зүлэгжүүлсэн гудамж хамрагдана гэж заасан. Эдгээр зориулалтуудыг дараах 4 дэд ангилалд хуваав. Үүнд:

1.Гудамж, зам талбайн ногоон байгууламж Н-I

2.Орон сууцны хороолол дах ногоон байгууламж Н-II

3.Олон нийтийн зориулалттай ногоон бүс Н-III

4.Байгалийн ногоон бүс Н-IV

Нийтийн хэрэгцээний ногоон байгууламжийн ангилал, хамрах газрууд

Хязгаарлагдмал зориулалттай ногоон байгууламж

ГХГЗЗГ-ын 2005 оны 38-р тушаалын 2-р хавсралт, Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ашиглалт хамгаалалтын ажлын хүрээнд баримтлах журам зэрэг баримт бичгийг үндэслэн хязгаарлагдмал зориулалттай ногоон байгууламжийн ангилалыг гаргасан бөгөөд Сургууль, цэцэрлэг, ясли, эмнэлэгийн байгууллага, авто болон төмөр замын барилга байгууламжийн хамгаалалтын зурвас, иргэн, олон нийтийн барилгын эдэлбэр газрын цэцэрлэгжүүлэлт орох бөгөөд дараах байдлаар ангилсан. Үүнд:

1.Төрийн өмчит байгууллагын эдэлбэр дээрх ногоон байгууламж Х-I

2.Төрийн бусад байгууллагын эдэлбэр дээрх ногоон байгууламж X-II

3.Хувийн өмчит олон нийтийн байгууллагын эдэлбэр дээрх ногоон байгууламж X-III

4.Хувийн үйлдвэр аж ахуй нэгж, байгууллагын бүс ногоон байгууламж X-IV

Тусгай зориулалттай ногоон байгууламж

Тусгай зориулалтын ногоон байгууламж бүс гэдэгт Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрөх голуудын хамгаалалтын бүс, иргэдийг усан хангамжаар хангах зориулалт бүхий ундны усны эх үүсвэр бүхий худгийн хамгаалалтын бүс, ой тэлэн ургах нөөц газар, оршуулгын газар түүний хамгаалалтын бүс, хогийн цэг түүний хамгаалалтын бүс, үерийн далан, инженерийн байгууламжуудыг хамруулан ойлгоно. Энэхүү бүсийн ангиллыг Оршуулгын газрын тухай хууль, Ойн тухай хууль, Усны тухай хууль, Хот суурин газрын Хот байгуулалт барилгажилтын норм ба дүрэм, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ашиглалт хамгаалалтын ажлын хүрээнд баримтлах журам, Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хөрөнгө оруулалтын техник эдийн засгийн үндэслэл зэрэг баримт бичгийг үндэслэн боловсруулав. Тусгай зориулалтын бүсийг 3 дэд ангилалд хуваасан. Үүнд:

1.Оршуулгын газар,/ хамгаалалтын бүсийн хамт/ T-I-1

2.Тусгай бүс T-II

3.Хууль, тусгай зохицуулалтаар тогтоогдсон хамгаалалтын зурвас газрууд T-III

Ногоон байгууламжийг байгуулах зорилгоос хамаарсан, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэхэд түүнийг бүрдүүлэх нэгж хэсгээс хамааруулж ангилах боломжтой байна. Дээрх ангилал нь эдгээр талбаруудын ангилал бүрд тэдгээрийн байршил, онцлог нөхцөл болон зориулалт, зорилгоос хамааруулан зохицолдлого болон уран сайхны шинж, аюулгүй орчин нөхцөл үүсгэхэд тавигдах шаардлагаар ашиглагдаж, зохицуулагдана. Мөн ландшафтын архитектур, дизайны төлөвлөлтийн ухаан болон ботаникийн ухаантай хослуулан хот байгуулалтын үйл ажиллагаанд ашиглагдана.

Түүнчлэн хэдийгээр хот төлөвлөлтийн нормд үндсэн 3 ангилалд ангилсан ч ашиглалтын хувьд зах зээлийн нөхцөлд өөр өөр нөхцөл байдал үүсч байна. Сургууль, цэцэрлэг нь төрийн үйлчилгээний байгууллага байхын зэрэгцээ хувийн хэвшлийн үйл ажиллагаатай байхыг зөвшөөрөгдсөн тул хувийн сургууль, цэцэрлэгүүдэд мөн адил нормыг мөрдөх шаардлагатай, мөн нийтийн орон сууцны орчмын ногоон байгууламж нь зөвхөн тухайн орон сууцны иргэдийн хувьд нийтийн гэх тодотголтой байх шаардлагатай байна. Гэтэл хуулиар хамгаалагдсан ногоон байгууламжууд нь амралт зугаалгын зориулалтаар олон нийтийн зориулалттай газар байгуулж ашиглуулах боломжтой байдаг, Улаанбаатар хотын хүүхдийн парк нь 2005 онд хувьцаат комдани болж паркд орохын тулд төлбөр төлж байсан ч 2018 оны зуны улиралд төлбөргүйгээр зугаалж амрах боломжтой болгосон байна. Ашиглалт үйлчилгээний хувьд цэцэрлэгт хүрээлэнгийн өөр өөр өмчийн хэлбэр үүсч байгаатай холбогдуулан ангилах шаардлага үүсч байна.

Иймд хот төлөвлөлтийн хувьд баримтлах ангилалтай зэрэгцүүлэн түүний газрын эзэмшил ашиглалт, үйл ажиллагаа хариуцаж буй байгууллага аж ахуй нэгжийн хэлбэрээс хамаарч бүртгэлийг нэмэж кодлох шаардлагатай гэж үзэж байна. Түүнчлэн ангилал бүрд дэх эдэлбэрүүдийг өмчийн хэлбэрээр ялгаж, үүрэг хариуцлагыг тодорхойлж, онцлогт нь нийцсэн арга хэмжээг зохион байгуулах шаардлагтай байна

Энэ дүрэм 2021 онд шинэчлэгдсэн

Нью Урбанизм ХХК -н захирал, хот төлөвлөгч З. ТУЯА


Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээгээрэй.

Сэтгэгдэл үлдээх

И-мэйл хаяг нийтэд харагдахгүй.