MAE LogoМонголын
Архитекторуудын
Эвлэл
Мэдээ мэдээлэл

UIA 2026 Барселона Дэлхийн Архитекторуудын Конгресс амжилттай оролцлоо.

Text: А.Саруул·

Олон улсын Архитекторуудын Эвлэл (UIA)-ийн 2026 оны Дэлхийн Архитекторуудын Конгресс Испанийн Барселона хотноо 2026 оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Гурван жил тутам зохион байгуулагддаг энэхүү дэлхийн хэмжээний конгресс нь архитектур, хот төлөвлөлт, тогтвортой хөгжил, соёлын өв, орон сууц, уур амьсгалын өөрчлөлт зэрэг өнөөгийн тулгамдсан асуудлаар дэлхийн архитекторууд, судлаачид, эрдэмтэн, оюутнуудыг нэгтгэдэг хамгийн том мэргэжлийн арга хэмжээ юм.

2026 оны конгресс “Becoming: Architectures for a Planet in Transition” буюу “Өөрчлөлтийн үеийн дэлхийн төлөөх архитектур” сэдвийн дор зохион байгуулагдаж, экологи, нийгэм, эдийн засаг, технологийн шилжилтийн үед архитектурын гүйцэтгэх үүрэг, хариуцлагын талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүллээ.

Конгрессын хүрээнд 130 гаруй орны архитектор, судлаач, төлөөлөгчид оролцож, 200 гаруй олон улсын илтгэгч 100 гаруй хуралдаан, хэлэлцүүлэгт илтгэл тавив. Мөн архитектурын үзэсгэлэн, улс орнуудын павильон, хотын архитектурын аялал, нээлттэй форум зэрэг олон арга хэмжээ Барселона хотын хэд хэдэн байршилд зохион байгуулагдсан юм.

Хэлэлцүүлгүүд нь уур амьсгалын өөрчлөлт ба архитектур, орон сууцны хүртээмж, эрх тэгш байдал, соёлын өвийн хадгалалт ба шинэ хэрэглээ, хотын тогтвортой хөгжил, шинэ материалын хэрэглээ, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, хиймэл оюун ухаан болон дижитал технологийн архитектур дахь хэрэглээ зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудад төвлөрөв.

Энэ удаагийн конгресст Монгол Улс албан ёсоор оролцож, Монголын Архитекторуудын Эвлэлийн төлөөлөл болон салбарын нийт 36 төлөөлөгч оролцлоо. Төлөөлөгчид олон улсын байгууллага, архитекторуудтай уулзалт, туршлага солилцох хэлэлцүүлэг, судалгааны арга хэмжээнд идэвхтэй оролцож, Монголын архитектур, хот байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг олон улсын түвшинд сурталчлан танилцууллаа.

Конгрессын үеэр Монголын Архитекторуудын Эвлэлийн урилгаар 2014 оны Прицкерийн Архитектурын шагналт Японы нэрт архитектор Шигерү Бан тусгай ярилцлага өгч, өөрийн архитектурын философи, хүмүүнлэгийн төслүүд, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон Монгол Улстай хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

Ярилцлагын бүрэн эхийг Монголын Архитекторуудын Эвлэлийн сэтгүүлийн дараагийн дугаараас унших боломжтой.