Хүн төрөлхтөн Саран дээр амьдрахад ойртлоо: NASA шинэ төлөвлөгөөгөө танилцуулав
NASA Саран дээр байнгын суурин байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа
АНУ-ын Үндэсний Аэронавтик, Сансрын Удирдах Газар (NASA) Сарны өмнөд туйлд байнгын ажиллагаатай суурин байгуулах урт хугацааны төлөвлөгөөгөө олон нийтэд танилцууллав. Тус төлөвлөгөөнд нь хүн төрөлхтөн Саран дээр удаан хугацаанд ажиллан амьдрах боломж бүрдүүлэх зорилготой.
NASA-ийн мэдээлснээр уг төслийг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний шат нь 2029 он хүртэл үргэлжлэх бөгөөд тус хугацаанд робот удирдлагатай судалгааны төхөөрөмжүүдийг Сар руу илгээж, орон зайн судалгаа хийхээс гадна суурин байгуулах бэлтгэл ажлыг хийхээр 4тонн орчим тоног төхөөрөмж хүргэхээр төлөвлөсөн байна.
Хоёрдугаар шатанд эрчим хүчний байгууламжууд болон дэд бүтэц сайжруулах замаар анхны очих ажиллах хүчний орон зайг төлөвлөсөн байна.Үүнд: нарны эрчим хүч болон цөмийн эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглана.
Харин 2032 оноос эхлэх гуравдугаар шатанд сансрын нисгэгчдийг тогтмол илгээж, Сарны гадаргуу дээр урт хугацааны судалгаа шинжилгээний ажил явуулах нөхцөлийг бүрдүүлэнэ. NASA үүнийг "тогтвортой хүний оролцоотой суурин" (sustained human presence) байгуулах эхлэл гэж үзэж байна. Тус агентлагийн мэдээлснээр Сарны өмнөд туйл нь нарны гэрэл хамгийн удаан тусдаг бүсүүдийн нэг бөгөөд эрчим хүч үйлдвэрлэх боломж сайтайгаас гадна олон тооны ордууд байх магадлалтай тул стратегийн ач холбогдол өндөр бүсэд тооцогдож байна. Уг төслийг хэрэгжүүлэхэд "Blue Origin", "Astrobotic" зэрэг хувийн хэвшлийн сансрын компаниуд болон олон улсын байгууллагууд хамтран ажиллахаар болсон байна.
Архитектурын салбарт шинэ боломж нээгдэж байна
Сарны суурин байгуулах ажил нь зөвхөн сансрын технологийн асуудал биш бөгөөд архитектур, барилга байгууламжийн салбарын шинэ чиглэл болж байгаагаараа онцлог юм. Дэлхийн олон орны их сургууль, судалгааны байгууллагууд Сарны хөрсийг ашиглан гурван хэмжээст хэвлэлтийн технологи (3D Printing) ашиглан барилга байгууламж барих, роботын тусламжтайгаар алсаас угсрах технологийг эрчимтэй хөгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, ирээдүйд архитекторууд зөвхөн дэлхий дээр төдийгүй Сар болон бусад гараг дээр амьдрах орчныг төлөвлөх шинэ салбар үүсэж буйг энэхүү төсөл харуулж байна.
Нийтлэгчийн тэмдэглэл
Дэлхийн архитектурын шилдэг сургуулиудад суралцаж буй оюутнууд өнөөдөр сансрын хот, Сарны суурин, цаг уурын эрс тэс орчинд дасан зохицох ирээдүйн архитектурын талаар судалгаа хийж, төгсөлтийн ажлаа хамгаалж байна. Харин бид Монголдоо ирээдүйг төсөөлөх, шинэ санааг турших орон зайгаа хэр хэмжээнд нээж өгч байна вэ? Бид Утопи архитектурын чиглэл хөгжсөн үү? Архитектурын боловсрол зөвхөн өнөөдрийн асуудлыг шийдэх бус маргаашийн боломжийг урьдчилан харж, шинэ шийдлүүдийг эрэлхийлэх учиртай.
Өнөөдөр хэрэгжих боломжгүй мэт санагдах санаа маргаашийн бодит бүтээн байгуулалт болохыг хүн төрөлхтний хөгжлийн түүх олонтаа харуулсан билээ. Тиймээс ирээдүйг төсөөлөх зоригтой оюутнуудын бүтээл, судалгааг дэмжих нь Монголын архитектурын салбарын ирээдүйд оруулж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалтын нэг юм.
Эх сурвалж: NASA Moon Base Program, Autonomy Global, 2026.

