Барилгачдын хомсдол архитектурын салбарт
Барилгачдын хомсдол архитектурын салбарыг хэрхэн өөрчилж байна вэ?
Хотыг сууриас нь шинээр барих гэдэг амаргүй ажил бөгөөд урьд нь ч хэзээ хялбар байгаагүй, ирээдүйд ч тийм байхгүй. Аажмаар өсөж хөгждөг зүйлийг ийнхүү товч хугацаанд бий болгоно гэдэг өөрөө асар их нөөц, зохион байгуулалт, хамгийн гол нь хүн хүчийг шаарддаг. 1958 онд яг ийм л явдал болсон: Бразилийн төв өндөрлөг нь Бразил хотыг барих ажлын улмаас 20-р зууны хамгийн том барилгын талбайнуудын нэг болжээ. Ихэвчлэн Бразилын зүүн хойд бүс нутгаас, тусгай мэргэжилгүй “канданго” хэмээх хэдэн арван мянган шилжин ирэгсэд тухайн үеийн ерөнхийлөгч Juscelino Kubitschek-ийн “тавин жилийн хөгжлийг тавхан жилд” гэсэн уриан дор бүхэл бүтэн нийслэлийг гурван жилийн дотор барьж дуусгахаар цугласан. Хэрэв тэр үед олон мянган ажилчин муу нөхцөл, бага цалинг тэвчиж ажиллаагүй бол Oscar Niemeyer-ийн бүтээл, Lúcio Costa-гийн төлөвлөгөө бетон, муруй хэлбэрийг Бразилын үндэсний бэлгэдэл болтол хувиргаж чадахгүй байх байсан юм.
Ойролцоогоор 70 дараа Бразил улс яг эсрэг нөхцөлтэй тулгарлаа. Засгийн газраас дэмжлэг үзүүлж, орон сууцны зээл өргөжсөн хэдий ч барилгын салбар сул орон тоогоо нөхөхөд бэрхшээлтэй байна. Бразилын Барилгын Салбарын Танхимын (CBIC) мэдээллээр барилгын компаниудын 94% нь хүний нөөцийн хомсдолтой тулгарч байгаа бөгөөд 4 компани тутмын 3 илүү нь ажилчин хүрэлцэхгүйгээс болж төслийн хуваарь, хугацаагаа өөрчлөхөд хүрсэн байна. Ялангуяа өрлөгчин, энгийн ажилчин, цахилгаанчин, арматурчин, гагнуурчин мэргэжлийнхэн дутагдаж байна. SENAI байгууллагын Аж үйлдвэрийн хөдөлмөрийн судалгаагаар 2027 он гэхэд тус салбарт 4.4 сая ажлын байрыг нөхөх шаардлагатай аж.
Гэвч барилгачдын хомсдол зөвхөн нэг улсын бус, дэлхий даяарх үзэгдэл болж байна. АНУ-ын Барилга Гүйцэтгэгчдийн Холбоо (ABC)-ын тооцоолж байгаагаар 2027 он гэхэд тус улсын барилгын салбарт 450 мянга орчим ажилчин нэмж татах шаардлагатай. Тус байгууллагын тэмдэглэснээр энэ эрэлтийн ихэнх хэсэг нь тэтгэвэрт гарч буй ажилчид байгаатай холбоотой. Сүүлийн арван жилд барилгын мэргэжлийг сонирхох залуучуудын тоо 2 дахин нэмэгдсэн ч 2026 онд хэвлэгдсэн NAHB-ийн судалгаагаар мэргэжлээ сонгосон 18-25 насны Америкийн залуучуудын дөнгөж 6 хувь нь барилгын салбарт ажиллахыг хүсдэг байна.
Энэ хэв маяг орон нутгаас шалтгаалан өөр өөр хэдий ч бараг бүх томоохон барилгын зах зээлд давтагдаж байна. Turner & Townsend-ийн 44 улсын 112 зах зээлийг хамарсан судалгаагаар дийлэнх нь буюу 71 орчим хувь нь ажиллах хүчний хомсдолтой байгаа бөгөөд энэ үзүүлэлт Европын Холбооны орнуудад 93 хувиас давж, Австрали, Шинэ Зеландад 100 хувьд хүрчээ. Эдгээр тоон үзүүлэлтийн ард ажилчдын насжилт, залуу үеийг барилгын мэргэжилд татахад тулгарч буй бэрхшээл, зарим зах зээл дэх цагаач ажилчдын урсгалд тавьсан хязгаарлалт гэсэн давтагддаг хэд хэдэн хүчин зүйл байна.
Ажиллах хүчний нөөц
20-р зуунд барилгын салбар нь улс орондоо хот руу нүүн ирэх ажиллах хүч бараг дуусашгүй байх болно гэсэн таамаглалд тулгуурлаж байсан тул 1950-иад оноос эрчимжсэн. Бразил хотыг өндөр барилгын хөгжлийг өрнүүлэхэд түлхэц болж, өнөөдөр орчин үеийн архитектурын өв гэгддэг олон тэнгэр баганадсан барилгыг бий болгосон юм.
Шүүмжлэгч, архитектор Sergio Ferro орчин үеийн архитектурын хэлбэрийн эрх чөлөө буюу консол хавтан, чөлөөт муруй хэлбэр, ил бетон дахь дүрст хэлбэрүүд нь зурган дээрх шийдлийг биечлэн гүйцэтгэх чадвартай, мэргэшээгүй, бага цалинтай ажиллах хүчний өргөн хүрээний хүртээмжтэй байдлаас шууд хамааралтай байсан гэж үздэг. Энэ нь үе дамжсан үнэт гар урлал гэхээсээ илүү, барилгын ажлыг хэвийн явуулахад хангалттай ажиллах хүч үргэлж байсан үеийн илэрхийлэл байв. Харин өнөөдөр барилгын салбарын ажиллах хүч хурдацтай насжиж, залуус хүнд хүчир, гар ажиллагаатай ажлаас илүү технологид суурилсан, тав тухтай ажлыг сонгох болсон нь ажиллах хүчний хомсдолыг улам нэмэгдүүлж байна.
Архитектурт үзүүлэх үр дагавар
Яг энэ цэгээс ажиллах хүчний хомсдол нь зөвхөн барилгын салбарын бус, дизайны асуудал болж хувирна. Учир нь ажиллах хүн цөөрөхийн хэрээр барилгыг цөөн хүнээр, илүү хурдан, үр ашигтай барих арга замыг анхнаас нь зураг төсөлд тусгах шаардлагатай болж байна. Олон салбар механикжуулалт, автоматжуулалт, дижитал шилжилтээр эрс өөрчлөгдсөн ч барилгын талбай олон жилийн турш материал зөөвөрлөх, гараар угсрах зэрэг уламжлалт арга барилаа хадгалсаар ирсэн. Харин өнөөдөр ажиллах хүчний хомсдол энэ байдлыг өөрчилж, угсармал болон модуль систем, талбайн гаднах үйлдвэрлэл, механикжуулалт, хиймэл оюун ухаанд суурилсан менежмент зэрэг шийдлийг хурдацтай нэвтрүүлэхэд хүргэж байна.
Ингэснээр үйлдвэржилт нь зөвхөн барилгыг хурдан, нарийвчлалтай барих тухай биш, цөөн хүнээр барьж болохуйц барилга төлөвлөх тухай болж байна. Гэхдээ энэ өөрчлөлт гар урлалыг бүрмөсөн үгүй хийхгүй. Харин түүний байр суурь өөрчлөгдөнө. Гар ажиллагаа их шаарддаг, давтагддаг ажлуудыг автоматжуулалт орлох бол хүний ур чадвар нь стандартчлахад хэцүү, нарийн хийц, тусгай захиалгат шийдэлд төвлөрөх магадлалтай. Үүний үр дүнд гар урлал нь нийтлэг барилгын арга биш, харин ховор, мэргэшсэн, өндөр үнэ цэнтэй ур чадвар болох боломжтой.
Бразилийн архитектор Lelé (João Filgueiras Lima)-ийн ажил үүний нэг жишээ юм. Тэрээр угсармал бүтээц, үйлдвэрлэлийн аргыг архитектурын чанар, хурд, үр ашигтай хослуулан хөгжүүлж, хожим Sarah сүлжээ эмнэлгүүдэд боловсронгуй түвшинд хэрэгжүүлсэн.
Түүний хувьд үйлдвэржилт нь ухамсартай архитектурын сонголт байсан бол өнөөдөр ажиллах хүчний хомсдол нь ийм шийдлийг эдийн засгийн зайлшгүй шаардлага болгож байна.
Ирээдүйн барилга нь технологи гар урлалыг “ялсан” тухай биш, харин өөрчлөгдөж буй ажиллах хүчний нөхцөлд архитектур хэрхэн дасан зохицож байгаа тухай асуудал юм.
Иймээс зураг төслийн үе шатнаас эхлэн тухайн барилгыг хэчнээн ажиллах хүчээр, ямар түвшний механикжуулалт, үйлдвэржилт ашиглан, хэр хурдан барьж байгуулахыг тооцох шаардлага бий болж байна.
Нийтлэлийг бичсэн: Eduardo Souza
Эх сурвалж: www.archdaily.com
Сэтгэгдэл (1)
- Tuul
Er n mongold bas iim nuhtsul baidal tulgarch bga tgheer handmade buteeluudee uneleh bolomj bas uneheer hurdtai buteen baiguulalt heregtei bol uildwerjiltee automatjuulah heregtsee garch bnadaa goe medeelel oruulj bgad bayrlalaa :D
