ХАРХОРУМ ХОТЫН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ХЯНАЛТЫН ЦАМХГИЙН АРХИТЕКТУРЫН КОНЦЕПЦ САНААНЫ УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ХАРХОРУМ ХОТЫН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ХЯНАЛТЫН ЦАМХГИЙН АРХИТЕКТУРЫН КОНЦЕПЦ САНААНЫ УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хархорум хотод шинээр төлөвлөж буй Олон улсын нисэх буудлын Нислэгийн хөдөлгөөний хяналтын цамхаг (Control Tower)-ийн архитектурын концепц санааны уралдааны шалгаруулалт 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, уралдааны шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа.
Тус уралдааныг “НУБИА СИ ЭНД И” ХХК зохион байгуулж, Монголын Архитекторуудын Эвлэл болон Хархорум хотын Захирагчийн Ажлын алба дэмжин хамтран ажилласан юм.
Уралдааны зорилго нь Хархорум хотын түүх, соёлын өв, үндэсний онцлогийг орчин үеийн архитектурын шийдэлтэй уялдуулсан, олон улсын нисэх буудлын Нислэгийн хөдөлгөөний хяналтын цамхагт тавигдах архитектур, функциональ төлөвлөлт, инженерийн шийдэл, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан шинэлэг, бүтээлч концепц санаа, архитектурын шийдлийг тодруулахад чиглэсэн.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг архитектурын санаа, функциональ байдал, бүтээцийн шийдэл, тогтвортой байдал, төсөв болон танилцуулгын чанар зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтийн дагуу мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн үнэлж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан.
Шалгаруулалтын дүнгээр:
I байранд “ДИ ФОРМ” ХХК-ийг төлөөлж архитектор Ц.Баярсайханы бүтээл “Мөнхийн дөл”
II байранд Архитектор А.Түвшинбаярын бүтээл “Мөнгөн мод”
III байранд Архитектор Б.Мягмарсүрэнгийн бүтээл “Хязгааргүй Эдельвейс цамхаг”
IV байранд “Цаст богд” ХХК-ийн архитекторууд
тус тус шалгарлаа.
Шалгарсан оролцогчдод батламж болон мөнгөн шагналыг гардуулсан.
Тус уралдааны бүтээлүүдийг мэргэжлийн түвшинд үнэлж, шалгаруулах үйл ажиллагаанд Монголын Архитекторуудын Эвлэл, Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Иргэний нисэхийн үндэсний төв, Барилгын хөгжлийн төвөөс мэргэжлийн шүүгчид оролцож, салбар хоорондын мэргэжлийн хамтын ажиллагааг ханган ажилласанд талархал илэрхийлье.
Уралдаанд оролцож, өөрсдийн мэдлэг, туршлага, бүтээлч санаа, мэргэжлийн ур чадвараа сорин оролцсон нийт архитектор, инженер, мэргэжлийн баг, оролцогчдодоо баярлалаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд:
“НУБИА СИ ЭНД И” ХХК, МУ-ын зөвлөх архитектор Б.Батжав
Монголын Архитекторуудын Эвлэл, УЗГишүүн,
МУ-ын зөвлөх архитектор Д.Зориг
ХХХЗАА, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга
Л.Эрдэнэсүрэн
ИНҮТөв, Аэродромын хэсгийн ерөнхий нислэгийн удирдагч Д. Даваахүү
Барилга хөгжлийн төв, Барилгын зураг төслийн хяналтын хэлтсийн хяналтын инженер Ж.Амаржин
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээгээрэй.
