MAE Logo
Уралдаан|Үйл ажиллагаа

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН “САН ХӨМРӨГ, ЗАХИРГААНЫ БАРИЛГА” УРАЛДААНЫ ХҮРЭЭНД ИРСЭН АСУУЛТУУД


1. Чойжин ламын сүм музейн цогцолбортой холбогдох өмнө хийгдсэн хэмжилт, 3 хэмжээст модел, дэвсгэр зураг зэрэг өгөгдлүүдийг албан ёсоор хангах уу?

Хариулт:
Тийм. Уралдаанд оролцогчдод зохион байгуулагчийн бэлтгэсэн үндсэн суурь материалууд болох кадастрын зураг, дэвсгэр зураг болон боломжтой бусад өгөгдлийг цахимаар хүргүүлнэ. Харин өмнө боловсруулсан хэмжилтийг музейн зүгээс өгөх боломжгүй. Оролцогчид архивын газраас авах боломжтой.

2. Төлөвлөлтийн хил хязгаар, координатыг тэмдэглэсэн албан ёсны өгөгдлөөр хангах уу?

Хариулт:
Тийм. Уралдааны талбайн хил хязгаар, координатын мэдээллийг CAD форматаар оролцогчдод олгоно. Оролцогчид хил дотор өөрсдийн төлөвлөлтийг хийнэ.

3. Танилцуулгад өгөгдсөн төлөвлөлтийн хил хязгаарыг хатуу мөрдөх үү? Эсвэл төлөвлөлтийн шийдлээс шалтгаалан өргөтгөж болох уу?

Хариулт:
Уралдааны үндсэн барилга байгууламжийг уралдааны даалгаварт заасан төлөвлөлтийн хил хязгаарын дотор төлөвлөх шаардлагатай.

Төлөвлөлтийн хил дотор барилга байгууламжийн байршил, эзлэх талбай, хэлбэр, хэмжээ нь оролцогчийн архитектурын үзэл баримтлал, төлөвлөлтийн шийдлээс хамааран чөлөөтэй байх бөгөөд заавал төлөвлөлтийн хил хязгаарыг бүхэлд нь барилга байгууламжаар дүүргэх шаардлагагүй.

Харин орчны зохион байгуулалт, явган хүний холбоос, ногоон байгууламж болон хот байгуулалтын үзэл баримтлалын хүрээнд хөрш орчин, зэргэлдээ эзэмшил газартай уялдуулсан санал, шийдлийг концепцын түвшинд дэвшүүлж болно. Гэвч уралдааны үндсэн барилга байгууламжийг тогтоосон төлөвлөлтийн хил хязгаараас гадуур төлөвлөхгүй.

4. Музейн одоо байгаа сан хөмрөгийн жагсаалт, хэмжээ, төрөл, техникийн шаардлагыг өгөх боломжтой юу?

Хариулт:
Уралдааны зорилгод шаардлагатай хэмжээний мэдээлэл, сан хөмрөгийн ерөнхий бүтэц, хадгалалтын үндсэн шаардлагыг хүргүүлнэ. Харин аюулгүй байдлын үүднээс нарийвчилсан бүртгэл, бүрэн жагсаалтыг нийтэд түгээхгүй.

5. Геологийн дүгнэлт, хөрсний техникийн мэдээллээр хангах уу?

Хариулт:
Үгүй, тус судалгаа мэдээлэл нь уралдааны дараа зураг төсөл боловсруулах шатанд хийгдэнэ.

6. Нийт ажилчдын тоо, бүтэц болон ирээдүйн орон зайн хэрэгцээний мэдээлэл байгаа юу?

Хариулт:
Тийм. Одоогийн ажилтнуудын бүтэц, үйл ажиллагааны ерөнхий мэдээллийг даалгаврын хавсралтаар хүргүүлнэ. Ирээдүйн өргөтгөлийн хэрэгцээг оролцогч өөрийн мэргэжлийн үндэслэлээр санал болгож болно.

7. "Нэг үе шаттай", "Хоёр үе шаттай" гэсэн ойлголтыг тодруулна уу.

Хариулт:
Энэхүү уралдаан нь хоёр үе шаттай зохион байгуулагдана.

Нэгдүгээр шат

Үзэл баримтлал, архитектур төлөвлөлтийн үндсэн санаа буюу Концепц шийдлээр үнэлнэ.

Шалгарсан багууд хоёрдугаар шатанд оролцоно.

Хоёрдугаар шат

Сонгогдсон бүтээлүүдийг нарийвчлал, гүйцэтгэл боловсруулж танилцуулна.

Техникийн үндэслэл, хэрэгжих боломж, архитектурын чанарыг илүү дэлгэрэнгүй үнэлнэ.

8. Эхний шат, хоёрдугаар шат болон эцсийн шалгаруулалтын үнэлгээ өөр байх уу?

Хариулт:
Тийм. Эхний шатанд үзэл баримтлал, архитектурын санаа давамгай үнэлэгдэнэ.

Хоёрдугаар шатанд техникийн үндэслэл, хэрэгжих боломж, орон зайн шийдлийг нарийвчлан үнэлнэ.

Эцсийн дүн нь хоёрдугаар шатны үнэлгээнд үндэслэн гарна.

9. Шагналын мөнгөнөөс татвар суутгах уу?

Хариулт:
Монгол Улсын холбогдох татварын хууль тогтоомжийн дагуу шаардлагатай татварыг суутган олгоно.

10. Код (шифр)-ийг самбар дээр хаана байрлуулах вэ?
Хариулт:

Оролцогчид уралдааны бүтээлээ ямар нэгэн багийн нэр, байгууллагын нэр, оролцогчийн нэр, утасны дугаар болон танигдах тэмдэггүйгээр битүүмжилж, Монголын Архитекторуудын Эвлэлийн байрны харуулд хүлээлгэн өгнө.

Үүний зэрэгцээ танилцуулгын самбарын цахим хувилбарыг бүртгэлтэй и-мэйл хаягаас зохион байгуулагчийн албан ёсны и-мэйл хаяг руу заавал илгээнэ.

Зохион байгуулагч нь цахим бүртгэл болон хэвлэмэл бүтээлийг тулган шалгаж, бүтээл бүрт нууц шифр (код) олгон бүртгэлд авна. Үнэлгээний бүх үе шатанд зөвхөн уг шифрийг ашиглах бөгөөд оролцогчийн мэдээллийг шүүгчдийн бүрэлдэхүүнд задруулахгүй.

11. Кодыг оролцогч өөрөө сонгох уу?

Хариулт:
Үгүй.

Бүртгэл баталгаажсаны дараа зохион байгуулагч оролцогч бүрт нууц код олгоно.

12. 1, 2-р шатны самбар өөр байх уу?

Хариулт:
Тийм.

Хоёрдугаар шатанд эхний шатны материалыг илүү нарийвчлан хөгжүүлсэн байдлаар ирүүлнэ. Самбарын бүтэц, шаардагдах материалын жагсаалтыг хоёрдугаар шатанд шалгарсан багуудад тусад нь хүргүүлнэ.

13. Битүүмжлэх заавар өгөх үү?

Хариулт:
Үгүй.

14. Танилцуулгын самбар босоо эсвэл хэвтээ байх уу?

Хариулт:
Танилцуулгын самбар нь А1 хэмжээтэй босоо (Portrait) форматтай байна.

15. Цахимаар бүтээл илгээхдээ бүртгэлийн маягт бөглөх үү?

Хариулт:
Үгүй.

16. Би гадаадад ажиллаж, амьдарч байгаа тул музейн танилцах аялалд биечлэн оролцох боломжгүй. Аяллын танилцуулга, зураг, бичлэг болон бусад материалыг цахимаар авах боломжтой юу?

Хариулт:

Тийм. Танилцах аяллын үеэр бэлтгэсэн зураг, видео бичлэг, танилцуулгын материал болон бусад шаардлагатай мэдээллийг бүртгэлтэй оролцогчдод цахим хэлбэрээр хүргүүлнэ. Ингэснээр гадаадад болон орон нутагт байгаа оролцогчид ижил нөхцөлөөр мэдээлэл авах боломжтой.

17. Сан хөмрөг болон захиргааны хэсгээс гадна өөр ямар зориулалтын өрөө, орон зай төлөвлөх шаардлагатай вэ? Үзэсгэлэнгийн танхим, кафе зэрэг нэмэлт функц төлөвлөх боломжтой юу?

Хариулт:

Уралдааны дэлгэрэнгүй даалгаварт төлөвлөх шаардлагатай үндсэн чиг үүрэг, өрөө тасалгааны хөтөлбөрийг тусгана. Оролцогчид уралдааны үзэл баримтлалтай уялдуулан музейн үйл ажиллагааг дэмжих зориулалттай үзэсгэлэнгийн танхим, боловсролын болон олон нийтийн зориулалттай орон зай, кафе, үйлчилгээний бусад нэмэлт функцыг үндэслэлтэйгээр санал болгож болно. Гэхдээ эдгээр нь музейн үндсэн үйл ажиллагаа, соёлын өвийн хамгаалалтын шаардлагатай нийцсэн байх ёстой.

18. Өрөө тасалгааны хөтөлбөр (Space Program) байгаа юу?

Хариулт:

Тийм. Өрөө тасалгааны үндсэн хөтөлбөрийг уралдааны дэлгэрэнгүй даалгаварт тусган, бүртгэл баталгаажсан оролцогчдод хүргүүлнэ.

19. Барилгын нийт талбай (м²) хэд байх вэ?

Хариулт:

Барилгын нийт талбайг тогтмол хэмжээгээр урьдчилан тогтоогоогүй болно. Оролцогч нь уралдааны зорилго, төлөвлөх функцүүд болон өөрийн архитектурын үзэл баримтлалд үндэслэн нийт талбайг оновчтой тодорхойлж, шийдвэрлэх боломжтой.

20. Газрын хэмжээ болон барилгын талбайн хязгаарлалт бий юу?

Хариулт:

Барилга байгууламжийг уралдааны даалгаварт заасан төлөвлөлтийн хил хязгаарын хүрээнд төлөвлөнө. Газрын ашиглалт, өндөржилт болон бусад хот байгуулалтын холбогдох шаардлагыг уралдааны даалгавар болон мөрдөх хууль, норм, дүрмийн хүрээнд шийдвэрлэнэ.

21. Барилгын нийт талбайн ойролцоо хэмжээг урьдчилан хэлэх боломжтой юу?

Хариулт:

Уралдаанд оролцогчдын бүтээлч, шинэлэг шийдлийг дэмжих зорилгоор барилгын нийт талбайн хатуу хэмжээ тогтоогоогүй. Иймд оролцогчид музейн үйл ажиллагааны хэрэгцээ, төлөвлөлтийн үндэслэл, архитектурын үзэл баримтлалдаа тулгуурлан нийт талбайгаа оновчтой тооцож санал болгоно.

22. Уралдаан хоёр үе шаттай зохион байгуулагдах зорилго, үе шат бүрийн ялгаа юу вэ?

Хариулт:

Энэхүү уралдаан нь хоёр үе шаттай зохион байгуулагдана.

Нэгдүгээр шатанд оролцогчдын архитектурын үзэл баримтлал, төлөвлөлтийн үндсэн шийдэл, өвийн хамгаалалттай уялдсан хандлага болон бүтээлийн ерөнхий чанарыг үнэлж, дараагийн шатанд оролцох бүтээлүүдийг сонгон шалгаруулна.

Хоёрдугаар шатанд шалгарсан оролцогчид төслөө илүү нарийвчлан боловсруулж, шаардлагатай тохиолдолд шүүгчдийн зөвлөмжийг тусган хөгжүүлэх боломжтой. Энэ шатанд архитектурын шийдлийн хэрэгжих боломж, функциональ зохион байгуулалт, техникийн үндэслэл болон төслийн иж бүрэн байдлыг дэлгэрэнгүй үнэлнэ.

Иймд хоёрдугаар шат нь зөвхөн дахин үнэлгээ хийх бус, төслийг илүү боловсронгуй болгон эцсийн шийдвэр гаргах зорилготой юм.

23. Уралдааны хугацааг сунгах боломжтой юу?

Хариулт:

Уралдааны хугацаатай холбоотой саналыг хүндэтгэн хүлээн авч байна.

Уралдааны хуваарийг төслийн нийт хэрэгжилтийн төлөвлөгөө, санхүүжилт, дараагийн зураг төслийн үе шат болон бусад холбогдох ажлын хугацаатай уялдуулан баталсан болно. Иймд одоогоор уралдааны хугацаанд өөрчлөлт оруулахаар төлөвлөөгүй байна. Гэсэн хэдий ч ирүүлсэн санал, хүсэлтийг зохион байгуулагч болон шүүгчдийн зөвлөлд танилцуулж, шаардлагатай гэж үзвэл нэмэлт мэдэгдлээр оролцогчдод мэдээлэх болно.

Нэмэлт тайлбар

Асуулт, хариултын хүрээнд нийтэлсэн мэдээлэл нь уралдааны удирдамжийн салшгүй хэсэгт тооцогдоно.

Энэхүү тайлбарт өөрөөр заагаагүй асуудлыг уралдааны удирдамж болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Цаашид ирүүлэх тодруулгын асуултыг зөвхөн уралдааны албан ёсны цахим шуудангаар хүлээн авч, бүх оролцогчдод ижил нөхцөлөөр нийтэд мэдээлнэ.


Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээгээрэй.

Сэтгэгдэл үлдээх

И-мэйл хаяг нийтэд харагдахгүй.