Үерийн усыг гамшиг биш нөөц гэж харах нь
Жил бүрийн зуны улиралд Монголын томоохон хот суурин газар, тэр дундаа Улаанбаатар хот үерт автаж, дэд бүтцийн хувьд хүндхэн сорилттой нүүр тулдаг. Үерийн ус нь хотын өнгө үзэмжийг гутааж, эд материал, хүний амь насанд эрсдэл учруулахаас гадна байгаль эхээс хайрласан үнэ цэнтэй ус ямар ч ашиггүйгээр урсан алга болдгоороо давхар гарз хохирол дагуулдаг билээ. Гэвч бид энэхүү байгалийн бэрхшээлийг зөвхөн аюул гэж харах бус, харин хотын усны хомсдолыг шийдвэрлэх стратегийн үнэт нөөц хэмээн харж, зөв зохистой удирдаж чадвал "борооны ус бол алт" гэдэг үнэн бодит утгаа олж эхэлнэ. Дэлхий нийтээр усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй энэ цаг үед орчин үеийн архитектурт усыг зөвхөн зайлуулах биш, харин хуримтлуулан эргүүлэн ашиглах инженерчлэлийн бодлогоор хэрхэн шийдвэрлэж буйг энэхүү нийтлэлээр хүргэж байна.
1. Борооны усны менежмент ба эрх зүйн орчин (Бодлого, хууль тогтоомж)
Усны нөөцийг хамгаалах, хот суурины үерийн эрсдэлийг бууруулахын тулд инженерчлэлийн шийдлээс гадна төрийн бодлого, эрх зүйн хатуу зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Дэлхийн дэвшилтэт орнууд борооны усыг хувийн эзэмшлийн эсвэл хотын захиргааны дур зоргоор хаягдах зүйл бус, харин хатуу зохицуулалттай стратегийн нөөц гэж үздэг.
- Солонгос улсын туршлага (Усны нөөцийн менежментийн тухай хууль)
1. Тус улсад хот байгуулалт болон барилгын төслүүдэд борооны ус хуримтлуулах систем (Rainwater Harvesting System)-ийг хууль ёсны дагуу заавал тусгах шаардлага тавьдаг. Ялангуяа том хэмжээний нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн барилга байгууламжийн доор газар доорх усан сан байгуулахыг стандарт болгосноор хотын усны хэрэглээг хэмнэж, үерийн ачааллыг эрс бууруулсан байдаг.
2. Хууль эрх зүйн тогтолцооны шинэчлэл: Архитектурын болон хот төлөвлөлтийн хууль тогтоомжид барилга байгууламж болон ногоон байгууламжийн төлөвлөлтөд усны балансын тооцоог заавал суулгах, шинээр баригдаж буй олон нийтийн барилгуудад саарал ус болон борооны усыг дахин боловсруулах системийг үндсэн шалгуур болгон хуульчлах шаардлага Монгол улсад тулгарч байна.
2. Цэцэрлэгт хүрээлэнгийн доорх борооны ус хадгалах байгууламжийн төлөвлөлтийн жишээ
Хот суурийн газарт гадаргын усыг үр дүнтэй хуримтлуулах хамгийн үр дүнтэй архитектурын шийдлүүдийн нэг бол олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн эсвэл спортын талбайн доорх зай талбайг ашиглан том оврын газар доорх усан сан цогцлоох арга юм.
Газар доорх давхар ашиглалт : Газрын гадарга дээр иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, спортын талбай, явган хүний зам орших бөгөөд түүний яг доод талд олон мянган куб метр борооны ус хадгалах хүчин чадалтай бетон болон модуль хэлбэрийн усан сан байрладаг. Энэ нь хотын хязгаарлагдмал газар нутгийг олон нийтийн амралт болон дэд бүтцийн зориулалтаар ашиглаж буйн тод илрэл юм.
Инженерчлэлийн бүтэц ба үйл ажиллагаа
Цуглуулах систем
Цэцэрлэгт хүрээлэнгийн гадаргын ус болон борооны ус зайлуулах сувгуудаар дамжин урсан ирэх усыг эхлээд том оврын шүүлтүүрээр оруулж навч, хог хаягдал, том хэсгүүдийг ялгаруулна.
Тунгаах болон хадгалах үе шат
Шүүгдсэн ус газар доорх үндсэн усан санд хуримтлагдах бөгөөд тунгаах хэсэгт шороо тоос ёроолд нь тунаж үлдэнэ. Усан сангийн дотоод гадаргууг ус үл нэвтрэх чанар сайтай зориулалтын материал болон эпокси бүрээсээр хамгаалдаг.
Эргүүлэн ашиглах систем
Хуримтлагдсан усыг насосны систем болон ухаалаг удирдлагын пульсээр дамжуулан тухайн цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг услах, авто замын тоос дарж угаах, гал түйм унтраах нөөц ус болгон ашиглахаас гадна байшин барилгын ариун цэврийн өрөөний уусгагч ус болгон зарцуулдаг.
Архитектурын шийдэл ба ирээдүйн чиг хандлага
Усны хомсдол нүүрлэсэн энэ цаг үед архитектур нь зөвхөн барилгын эзлэхүүн, хэлбэр дүрс зохиох урлаг байхаа болиж, байгаль орчинтойгоо зохицсон амьд экосистем бүтээх үүрэг хүлээж байна.
Улаанбаатар хот болон бусад төв суурин газруудын хувьд зуны богино хугацааны хүчтэй аадар бороог үер болгон алдах биш, харин барилга байгууламж, хот төлөвлөлтийн шатанд борооны ус хуримтлуулах стандарт шийдлүүдийг нэвтрүүлэх нь хотын эдийн засаг, эко системд үнэлж баршгүй хөрөнгө оруулалт юм. Хот байгуулалтын хууль тогтоомжид энэ чиглэлийн заалтуудыг боловсронгуй болгож, мэргэжлийн инженерүүд, архитектурууд төсөл бүртээ усны менежментийг тэргүүлэх байр суурьтайгаар тусгадаг болсноор бид усны хомсдолоос сэргийлж, илүү аюулгүй, амьдрахад тав тухтай хот орчныг цогцлоох бүрэн боломжтой юм.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээгээрэй.
