MAE Logo
Хэлэлцүүлэг|Үйл ажиллагаа

Гандангийн дэнжийн өвийг хамгаалах тухай хэлэлцүүлэг

Монголын Архитекторуудын Эвлэлээс 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр "Хотын өв-II" хэлэлцүүлгийн хүрээнд "Гандангийн дэнж – Хүрээний сүүлчийн суурьшил: Өнгөрснөөс ирээдүйд?" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Архитекторын ордонд амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн зорилго нь Гандантэгчэнлин хийд орчмын түүх, соёлын өв, уламжлалт суурьшлын үнэ цэнийг олон нийтэд таниулах, хадгалалт хамгаалалтын тулгамдсан асуудлыг хэлэлцэх, цаашдын хөгжлийн талаар төр, мэргэжлийн байгууллага, судлаачид болон иргэдийн оролцоотойгоор нэгдсэн санал, зөвлөмж боловсруулахад чиглэв.

Хэлэлцүүлгийн үеэр Монголын Архитекторуудын Эвлэлийн ерөнхийлөгч Г.Цовоодаваа нээлтийн үг хэлж, түүхч, судлаач Г.Очбаяр, мэргэшсэн архитектор Н.Энхжин, зөвлөх хот төлөвлөгч З.Туяа, архитектор А.Намуун нар Гандангийн түүхэн орчин, модон архитектурын өв, хот төлөвлөлт, түүхэн дурсгалт газрын хамгаалалт, орчин үеийн ашиглалтын талаар илтгэл тавьж, оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн Монголын Архитекторуудын Эвлэлийн дэргэдэх Архитектурын өвийн зөвлөлөөс Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Соёлын өвийн үндэсний төв, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Соёл, урлагийн газар болон Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг холбогдох байгууллагуудад албан ёсоор хүргүүлээд байна.

Уг санал, зөвлөмжид Гандангийн дэнжийн түүхэн бүтэц, хамгаалалтын бүсийг хадгалан хамгаалах, уламжлалт модон архитектурын өвийг баримтжуулах, орчны төлөвлөлт, барилгажилтын шаардлагыг боловсронгуй болгох, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн оролцоонд тулгуурласан үе шаттай хамгаалалт, шинэчлэлийг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тусгасан болно.

Монголын Архитекторуудын Эвлэл цаашид холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран Гандантэгчэнлин хийд орчмын түүх, соёлын өвийг хамгаалах, зохистой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх бөгөөд хүргүүлсэн санал, зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагуудын албан ёсны хариуг хүлээн ажиллаж байна.

Хэлэлцүүлгийн бүрэн бичлэгийг Монголын Архитекторуудын Эвлэлийн YouTube сувгаар үзэх боломжтой.



Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээгээрэй.

Сэтгэгдэл үлдээх

И-мэйл хаяг нийтэд харагдахгүй.