МА сэтгүүлийн 1996 оны дугаарыг эргэн дурсахуй.
Анх блог хөтөлж, архитектуртай холбоотой нийтлэл бичиж эхэлснээс хойш даруй есөн жил өнгөрчээ. Хичээл, ажлынхаа хажуугаар мэргэжлийн ном, сонин, сэтгүүл унших хэрэгцээ их байсан учраас уншиж судалсан зүйлсээ тэмдэглэн хуваалцдаг байсныг зарим мэргэжил нэгт нөхөд маань мэдэх биз ээ. Энэ удаа нийгэм болон гишүүддээ зориулан судалж, уншиж, бичих дуртай залуустайгаа хамтран МА сэтгүүлийн архив, цахим эх сурвалжуудыг судалж, харьцуулан сэргээх ажлыг эхлүүллээ. Өнгөрснөө таньж мэдэн, анхны зорилго, үзэл санааг нь ойлгох нь ирээдүйг хамтдаа бүтээх чухал алхам билээ.
Ингээд та бүхэндээ "МА" сэтгүүлийн анхны дугаарыг танилцуулж байна. Энэхүү дугаарыг эмхэтгэсэн архитектор Я. Амарсайхан, хянан ажилласан архитектор Г. Мягмар болон бүтээлд оролцсон нийт архитектор, гишүүддээ талархал илэрхийлье.
Архитектор Буджавын Чимэд
Ууган архитектор Б.Чимэд 1918 онд төрсөн. Москвагийн Архитектурын Институтийг 1948 онд төгсөж, архитектор мэргэжил эзэмшсэн. Архитектор Б.Чимэдэд Монголын Архитекторуудын Эвлэлийн нэрэмжит шагналыг "Улаанбаатар" зочид буудлын барилгын архитектур, төлөвлөлтийн шийдлээр 1979 онд олгосон. Уг зочид буудал нь тэгш хэмт төвлөрсөн зохиомж бүхий 6 давхар барилга бөгөөд 400 ортой буудал, 300 хүнд үйлчлэх ресторан, уулзалт, хүлээн авалтын танхимууд, амралт, зугаалгын газрыг багтаасан юм. Барилгын орон зайн төлөвлөлт, гадаад төрх байдал нь маш энгийн, илүү чимэглэлгүй хэрнээ зохиомж, хэмжээ харьцааг урнаар олж, зохиомжийн төв болгон авсан орцыг гоёмсог саравч, өндөр довжоогоор тодотгон, дээд давхрын баруун, зүүн жигүүрт сэрүүцэх талбай гарган, өндөр цонхтой заалын хэсгээр ерөнхий зохиомжоо дуусгажээ. Ийнхүү бүтээлчээр сэтгэн олсон зохиомждоо үндэсний архитектурын хэв маягийг оновчтой шийдлээр оруулж чадсан нь он цагийн урсгалд үнэ цэнээ алдахгүй бүтээл болсон юм.
Архитектор Баньдийн Дамбийням
МАЭ-ийн гишүүн, архитектор Б.Дамбийням 1924 онд төрсөн. Москвагийн Архитектурын Институтыг 1956 онд төгсөж, архитектор мэргэжил эзэмшсэн. Уран бүтээлийн ажлаа хийхийн зэрэгцээгээр 1961 оноос эхлэн манай орны барилгын салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиудад олон жил үр бүтээлтэй ажилласан юм. Түүний архитектурын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд оруулсан хувь нэмэр, он удаан жилийн хөдөлмөр, зүтгэлийг үнэлж архитектор Б.Дамбийнямд 1984 онд Монголын Архитекторуудын Эвлэлийн нэрэмжит шагнал олгожээ.
Архитектор Ганжууржавын Лувсандорж
МАЭ-ийн гишүүн Г. Лувсандорж 1938 онд төрсөн. БНСЧСУ (хуучин нэрээр)-ын Техникийн дээд сургуулийг инженер-архитектор мэргэжлээр 1966 онд төгссөн.
МАЭ-ийн нэрэмжит шагналыг Г. Лувсандоржид "Хувьсгалын музей" (одоогийн Үндэсний түүхийн музей)-н барилгын архитектур, төлөвлөлтийн шийдлээр 1976 онд олгосон юм.
Музейн барилгын архитектур, төлөвлөлтийн зохиомж нь орчиндоо зохицсон, цомхон эзлэхүүнд багтаан зориулалтын дотоод шаардлага, гадаад хэлбэр төрхийг чадварлаг илэрхийлсэн юм.
Тайлбар
Ахмад төлөвлөгөөний театр
1961 он
арх. Д. Лувсандорж
Архитектор Намсрайдоржийн Уртнасан
МАЭ-ийн гишүүн, архитектор Н.Уртнасан 1934 онд төрсөн. Москвагийн Архитектурын Институтыг 1960 онд төгсөж, архитектор мэргэжил эзэмшсэн. Архитектор Н.Уртнасан Монголын Архитекторуудын Эвлэлийн нэрэмжит шагналыг суут хувьсгалч Г.К.Жуковын дурсгалд зориулсан хөшөөний зураг төслийг зохион хэрэгжүүлсний төлөө 1983 онд хүртжээ. Хөшөөний гол санааг илэрхийлэхдээ харийн дайсныг хэзээ ямагт дарж, эх орноо дайснаас сэрэмжлэн хамгаалж байх ёстой гэсэн утга бүхий Монголын бэлэгдэлээс ишлэл болгон доош харуулсан зэвний хэлбэрийг сонгон авч боловсруулсан. Зэв хэлбэртэй 4.5м өндөр чулуун хананд хүрлээр цутгасан жанжны цээж барималыг хүндэтгэлтэйгээр байрлуулж зохих чимэглэлийг хийсэн нь уг хөшөөний утга агуулгыг өвөрмөцөөр илэрхийлсэн зохиогчийн санаа биелэлээ олсон байна.
Шагналт барилга
Шилдэг зураг төслөөр чанартай барьсан барилга байгууламжид 1977 оноос эхлэн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэрэмжит шагнал олгож, түүнийг бүтээхэд оролцсон архитектор, хариуцан бариулсан хүмүүст шагналтны энгэрийн тэмдэг, диплом гардуулдаг болсон юм. Одоогийн байдлаар үйлдвэр, аж ахуй, соёл үйлчилгээний 13 барилга байгууламжид уг шагналыг олгоод байна.
Халх голд Сүмбэр сумын төвд баригдсан “Дайчин алдрын музей” авлаа. Түүний зургийг Улсын барилгын зургийн төв институтийн архитектор Г. Цэрэндорж зохион барьж, 1984 онд Халх голын ялалтын 40 жилийн ойн өмнө онц дүнтэй ашиглалтад өгсөн юм.
Музейн барилгын гадаад төрх, хэлбэр нь үндэсний уран барилгын уламжлалыг хадгалсан дөрвөлжин хэлбэртэй, авсаархан бөгөөд монгол гэрийн зарчмыг баримталж оройтой, дээрээс гэрэл туяа тусахаар хийгджээ. Халх голын тулалдаан бидний ялалтаар дууслаа гэсэн утга санааг илэрхийлсэн дүрсээр нүүрэн талыг чимэглэжээ. Үзмэрүүд нь хоёрдугаар давхарт байрласан бөгөөд төв хэсэгт нь ёслолын ажиллагаа явуулахад зориулсан Дайчин алдрын танхимтай юм.
Архитектор Лувсандамдингийн Бямбасүрэн
МАЭ-ийн гишүүн Л.Бямбасүрэн 1955 онд төрсөн. 1978 онд МУИС-ийн архитектурын ангийг төгсөж архитектор мэргэжил эзэмшсэн. Архитектор Л.Бямбасүрэнд Ховд хотын ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг чанартай боловсруулсан учир 1983 онд МАЭ-ийн нэрэмжит шагнал олгосон байна. Энэ ерөнхий төлөвлөгөөнд Ховд хотын барилгажилт, тэр үеийн байдал, байгаль орчин, ирээдүйн хөгжлийг нарийн тооцож хотын төвийн бүсчлэлийг оновчтой шийдэж архитектур төлөвлөлтийн шилдэг санааг тусгасан байна.
Архитектор Янжингийн Шархүү, Даваажавын Өлзийхишиг, Үржингийн Цэрэндорж
МАЭ-ийн гишүүн, архитектор Я.Шархүү 1938 онд, архитектор Д.Өлзийхишиг 1938 онд, архитектор У.Цэрэндорж 1939 онд төрсөн. Москвагийн Архитектурын Институтыг Я.Шархүү 1963 онд, Д.Өлзийхишиг 1964 онд, У.Цэрэндорж 1965 онд тус тус төгсөж архитектор мэргэжил эзэмшсэн. Улаанбаатар хотноо баригдсан "Залуучууд" зочид буудлын цогцолборын зураг төслийг зохиож хэрэгжүүлсний учир архитектор Я.Шархүү, Д.Өлзийхишиг, У.Цэрэндорж нарт Монголын Архитекторуудын Эвлэлийн нэрэмжит шагналыг 1989 онд олгожээ. "Залуучууд" зочид буудлын энэхүү цогцолбор нь 200 ортой зочид буудал, ресторан-бар, хурлын танхим зэрэг иж бүрэн үйлчилгээг багтаасан юм.
Архитектор Очиртовуугийн Пүрэв
МАЭ-ийн гишүүн, архитектор О.Пүрэв 1943 онд төрсөн. 1968 онд БНБАУ-д Барилга Инженерийн дээд сургуулийн архитектурын ангийг төгсөж архитектор мэргэжил эзэмшсэн. Өвөрхангай аймгийн Хужирт суманд баригдсан 75 хүний суудалтай гуанзны барилгын зураг төслийг зохиож хэрэгжүүлсний учир шилдэг зураг төслөөр чанартай баригдсан барилгад олгодог Сайд нарын Зөвлөлийн нэрэмжит шагналыг 1977 онд авсан юм.
Архитектор Чимиддоржийн Одсүрэн
МАЭ-ийн гишүүн Ч.Одсүрэн 1958 онд төрсөн. Монгол Улсын Их Сургуулийн Архитектурын ангийг 1981 онд төгсөж, архитектор мэргэжил эзэмшсэн. Өмнөговь аймгийн Ханхонгор суманд баригдах жуулчны төвийн төслийг зохиосны учир 1989 онд Монголын Архитекторуудын Эвлэлийн нэрэмжит шагнал хүртсэн.
Уг төв нь Монголын говь нутгийн байгалийн өвөрмөц тогтоц, онцлогийг гадаад дотоодын аялагч, жуулчдад таниулан сурталчлахад зориуллагдсан ээлжиндээ 200 хүнд үйлчлэх хүчин чадалтай юм. Жуулчны хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээний төрлүүдийг архитектур төлөвлөлтийн зохимжтой шийдлээр гаргасан төсөл болсон юм.
Архитектор Равдангийн Бат
МАЭ-ийн гишүүн Р.Бат 1942 онд төрсөн. 1968 онд БНБАУ-ын Барилга-архитектурын дээд сургуулийг төгсөж архитектор мэргэжил эзэмшсэн.
Архитектор Р.Батад 1987 онд БНМАУ-ын нутагшилтын Ерөнхий схемийг мэргэжлийн хүмүүстэй хамтран боловсруулсан учир МАЭ-ийн нэрэмжит шагнал олгожээ. Монгол улсын нутагшилтын Ерөнхий схемийг анх удаа зохиосноор хот байгуулалтын хөгжил, түүнийг хөгжүүлэх бодлогод шинжлэх ухааны үндэслэлтэй хандах боломжтой болсон байна. Ерөнхий схемийн гол зорилго бол одоогийн нутагшилтын хэвшлийг өөрчлөн сайжруулах улс орноо хөгжүүлэхэд нутаг дэвсгэрийн зохистой бүтэц бий болгох, хот суурингийн байршил, хөгжлийг байгаль хамгаалал, түүх соёлын дурсгалт газрууд, амралт, аялал жуулчлалын сүлжээ, дэд бүтэц, эзэртэй холбох үйлдлүүдийг нэгдмэл тогтолцоо бий болгоход оршино. Мөн нутаг дэвсгэрийг төлөвлөгөөтэй, = тэнцүүхэн хөгжүүлэх бүс Нутгийн төвүүдийн хөгжлийг түргэсгэх байршлыг оновчтой тогтоох нөхцөл бүрдүүлэх юм.
Архитектор Буниагийн Баяраа.
МАЭ-ийн гишүүн Б.Баяраа нь 1954 онд төрсөн. МУИС-ийн архитектурын ангийг 1982 онд төгсөж архитектор мэргэжил эзэмшсэн. Баян-Өлгий аймгийн орон нутгийн судлах музейн барилгын зураг төслийг 1987 онд хийж, 1989 онд ашиглалтад оруулжээ. Тус барилгын зураг Казахийн ард түмний үндэсний онцлогийг харуулсан өнгө будаг, чимэглэл, өвөрмөц хэлбэрийг төлөвлөлтөд хэрэглэснээр сонирхолтой шийдэлтэй болсон юм. Үзмэрийн 3 заалтай, диомерын 2 хэсэгтэй музейн фонд, захиргаа аж ахуйн хэсгээс бүрдэнэ. Барилгын талбай нь 1500 м², эзэлхүүн нь 7860 м³ болно. Архитектур төлөвлөлтийн шийдэл, барилгын ажлын гүйцэтгэл, чанарыг үнэлж 1991 онд МАЭ-ийн нэрэмжит шагнал олгожээ.
