Архитектурын дурсгалд хамрагдах бүтээлийг устгахгүй байх шаардлага хүргүүллээ
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ НАРТ АЛБАН ШААРДЛАГА

Архитектур бол тухайн улс орны хөгжлийн түүхийг мод, чулуу, тоосгоор бүтээж, хойч үед нь мянга мянган жилээр үлддэг урлагийн гайхамшигтай бүтээл юм. Иймээс дэлхийн соёлт улс орон, ухаантай ард түмэн нь ийм түүхэн дурсгалуудаа нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, шаардлагатай үед нь засч тордож, түүгээрээ зочин гийчдийн нүдийг нь хужирлаж, сэтгэлийг нь сэргээж, бахархаж байдаг. Энэ ажилд ЮНЕСКО онцгой анхаарч, тив дэлхийн архитектурын дурсгалуудыг бүртгэж, улмаар тэдгээрийг хамгаалж, засч, сэргээн босгох ажлыг дэмжин дэлгэрүүлж, цар хүрээг нь улам бүр өргөжүүлсөөр байна. Тухайлбал: Азийн орнуудын архитекторуудын бүсийн зөвлөлөөс эрхлэн 2011 онд “Азийн архитектурын үнэт өв”-ийн бүртгэл явуулж, уг өвүүдийг хоёр боть ном болгон хэвлэн, олон нийтийн хүртээл болгосон билээ.

Монголын архитекторуудын эвлэл энэ “Өв”-д шалгаруулах болзлын дагуу баригдаад 50-аас дээш жил болсон Монголын архитектурын 9 бүтээлийг бүртгүүлээд байна. Дэлхий соёлт улс гүрнүүд, олон улсын байгууллагаас архитектурын дурсгалыг хайрлах, хамгаалах, сэргээн засварлах ажилд ийнхүү анхаарлаа хандуулж, олон төрлийн ажлыг зохион байгуулж байхад Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд энэ талаар ямарч ажил санаачлан хийгээгүй атлаа бүр эсрэгээр нь Улаанбаатар хотын хөгжлийн түүхийг илэрхийлсэн, архитектурын дурсгалыг холбогдох мэргэжлийн байгууллага, зохиогчдод нь мэдэгдэлгүйгээр, “50 жил болсон, наслах хугацаа дууссан” гэдэг дэлхийд хаана ч байхгүй “хилс хэрэг” тулган эрээ цээргүйгээр устгаж, ирээдүй, хойч үедээ үзүүлэх, харуулах, юу ч үлдээхгүй, болгож байгаад архитектор, зураг төсөл зохиогчид бид гүнээ харамсч байна. Ер нь Нийслэлийн удирдлагын гараар Улаанбаатар хотын барилгажилтын “нэрийн хуудас” болсон “Эмнэг даага сургагч” усан оргилуурт цэцэрлэг, 19 дүгээр хороололын “Гэр” дэлгүүр”, Аж үйлдвэрийн комбинат болон Нисэхийн “Цагаан хаалга”-нууд, “Хүүхдийн номын сан”, “4 дүгээр сургууль”, гадаадын элчин сайдын яаманд зориулж барьсан анхны цогцолбор барилга зэрэг Монгол Улсын болон нийслэлийн архитектурын дурсгалд хамрагдах олон бүтээл устгагдлаа.

Саяхан нийслэлийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн хурлынхан өөрсдийнхөө үйл ажиллагаа явуулж буй барилгыг “МАЛЫН ПИН” гэж хочилж байгаад нурааж, оронд нь 6 давхар барилга барихаар шийдснийг архитектор, зураг төсөл зохиогчид бид эрс эсэргүүцэж, энэ балмад шийдвэрээ нэн даруй цуцлахыг шаардаж байна. Ад үзэгдэн нураагдах гэж буй энэ барилга нь анх 1946 онд улсын төв талбай болох Сүхбаатарын талбайг байгуулахаар Х.Чойбалсангаас өгсөн даалгаврын дагуу дэлхийн нийслэл хотуудын хамгийн том төв талбай нь Парис хотын Луверийн талбай болохыг судлан мэдэж, манай төв талбай түүнээс багагүй байх нь зүйтэй гэж тогтон, маршал Чойбалсан өөрөө Засгийн газрын ордны барилгаас хааш хааш нь 300 алхаж Сүхбаатарын талбайн хэмжээг тогтоон, талбайн баруун, зүүн талаар барих “Дуурь бүжгийн эрдмийн театр”, “Элдэв-Очир” кино театр, “Холбооны барилга”-тай хамт монголын барилгын ууган инженер, Б.Мотоо улаан шугамыг нь тавьсан “Алтай” зочид буудлын барилга юм. Ингэж Улаанбаатар хот төв талбайтай болж, орчин үеийн шийдэлтэй, олон нийт, үйлчилгээний гол гол барилга барьж байгуулах ажил эндээс эхэлсэн тул эдгээр барилга нь түүх болон мөнхрөх ёстой юм.

Гэтэл дэлхийн архитектурын түүхэнд огт үнэлэгдэггүй Нью Йоркийн хэдэн өндөр барилгыг “мундаг архитектур” гэж ойлгон магтаж, Монгол Улс дөнгөж хөл дээрээ босч эхэлж байсан тэр хүнд хэцүү цаг үед хөлс, хүч, ур ухаанаа гарган байж, бүтээсэн архитектурынхаа дурсгал 3 давхар барилгыг “малын пин” болгон муулж, тэнд ажиллагсадыг нь “мал” болгон туйлширч устгахаар зэхэж байгааг ухаант ард олон минь ойлгож, бидний саналыг дэмжин, “пин”-гээ хэвээр нь байлгаж, хойч үедээ түүхээ үлдээхийн төлөө хамтран зүтгэцгээе. Аливаа мэргэжлийн асуудлыг мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийнхээ саналаар шийдэж, архитектурын дурсгалыг муудсан, хуучирсан гэж нурааж устгах биш, гадна нүүр, давхарыг өөрчлөлгүй үлдээн засч ашигладаг дэлхийн жишгээр ажиллаж сурахыг эрхэм дарга нараасаа хүсч байна.

                                             Монголын архитекторуудын эвлэлийн Удирдах зөвлөл.

2016-05-20
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 47
  • Сүүлийн 7 хоногт: 490
  • Энэ сард: 1314
  • Нийт: 77828

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC