“Хот байгуулалтын тулгамдсан асуудлууд-2” сэдэвт уулзалт боллоо

      

        Өнөөдөр Монголын архитекторуудын эвлэлийн ордонд “Хот байгуулалтын тулгамдсан асуудлууд-2” сэдэвт ажил хэргийн уулзалт болж өнгөрлөө. 2012 онд анхдугаар зөвлөгөөнийг хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч бүхий л байгууллагатай хамтран зохион байгуулж байсан бол энэ удаад  Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газартай хамтарч хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.

      Уулзалтын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.Одбаяр “Хот байгуулалтын үйл ажиллагааны өнөөгийн байдал, чиг хандлага”, Барилгын хөгжлийн төвийн Норм ба төлөвлөлтийн мэргэжилтэн С.Болормаа “Хот төлөвлөлтийн норм, ба дүрэм”, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын Улсын ахлах байцаагч Б.Хашчимэг  “Нийслэлийн нутаг дэвсгэрт хот байгуулалтын хяналтын чиглэлээр илэрч буй зөрчил” сэдэвт илтгэлийг тавьж, үргэлжлээд оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнөлөө.

МАЭ-ийн Ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар уулзалтын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: Би дараах 5 зүйлээр санаагаа илэрхийлье.

Нэгдүгээрт. Өнөөдөр дэлхий нийт бүх салбарт СМАРТ буюу ухаалаг системийг нэвтрүүлж байна. Хот төлөвлөлт, хот байгуулалт ухаалаг болох ёстой. Хот шийдэх асуудлаа иргэдээсээ асууснаар ухаалаг болж байгаа юм биш. Хотын хүн ам эрүүл, ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх шийдлийн хувьд ухаалаг байх ёстой. Тэр шийдлийг мэргэжлийн хүмүүс шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгаа, техник технологийн дэвшлээр хийдэг. Агаар, хөрс нь бохирдсон, зам нь бөглөрч түгжирсэн, цэцэрлэг сургууль, нийгмийн дэд бүтэцгүй, ногоон технологиос ухарсан хот бол ухаалаг хотын ирээдүй биш.

Хоёрдугаарт. Улаанбаатар хотын асуудлууд, замын түгжрэл, дэд бүтцийн хомсдол нь өнөөдрийн хотын хүн амд зориулж төлөвлөсөн, бүтээн байгуулсан хот төлөвлөлт биш, одоогийн хүн амаас хэд дахин бага хүнтэй байхаар тооцож төлөвлөсөн төлөвлөлт. Нөхцөл байдалдаа тохируулж засаж тодотгож, хэрэгжүүлж чадаагүйн горыг та бид амсаж байгаагийн адил өнөөдрийн буруу замаар яваад байгаа хот байгуулалтын балгийг бидний үр хүүхэд, залуу үе амсана. Тиймээс хойч үедээ балаг үлдээх үү, түүх соёлтой хот үлдээх үү? гэдэг хоёр сонголт байна.

Англид 100 жил болсон барилгыг саяхны барилгад тооцож байна. Гэтэл манайд 50 жил болсон бол нураа, буулгаж өөр барилга барь гэх юм. Англид хуучин барилгаа сэргээн засаж, насжилтыг нь удаашруулж, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлж байна. Олон зуун жил хадгалан хамгаалж ирснийх нь гавъяа өнөөдөр гарч байгаа. Тэдний архитектурын бүтээл, түүх дурсгалт барилга байгууламжийг нь үзэж гэж  ганцхан жилд 17 сая жуулчин очиж байна. Аялал жуулчлалын энэ чиглэлээс жилд төсөвтөө 4,2 тэрбум фунт төвлөрүүлдэг. Мөн 120,000 ажлын байр бий болдог. Тэгвэл бид жуулчдад юу үзүүлж байна вэ? Найрсаг Улаанбаатарчуудаа. Түүхэн бүх барилга байгууламжуудаа нурааж, устгаж, төлөвлөлтийг хэрэгсдэггүй улс төрд хөтлөгдөж явах эцсийн цэгтээ Улаанбаатар хүрлээ. Бүтээн байгуулалт хийж байна, сайн зүйл ч бас бий.

Гуравдугаарт. Хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалт бол сонгуулийн санал авах төдий настай байж болохгүй. Нийслэлд аль нам засгийн эрх барихаас үл хамаарч хотын ерөнхий төлөвлөгөө өөрчлөгдөггүй байх, өөрчилбөл тухайн шийдвэр гаргасан албан тушаалтныг огцруулдаг, НИТХ-аас эргүүлэн татдаг хариуцлага хүлээлгэхээр хуульчилж эрх зүйн хамгаалалтанд оруулах хэрэгтэй. ХЕТ-ний дагуу бүтээн байгуулалтыг хийх ёстой болохоос биш хэн нэгний санаагаар, тохиолдлоор “Гудамж төсөл” шиг ажил хийж болохгүй.

Дөрөвдүгээрт. Хот төлөвлөлт, хот байгуулалт бол шинжлэх ухаан. Мэргэжлийн мэргэшсэн баг ажилладаг байх ёстой. Сонгуулийн дараа мэргэжлийн боловсон хүчний ажлын байрыг хадгалж үлдэх эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байна. Хотын Ерөнхий архитектор нь хотын орлогч даргын хэмжээнд байх, Архитектур төлөвлөлтийн газар, Ерөнхий архитектурын алба гэж байх хэрэгтэй.

Тавдугаарт. Өнөөдөр хотын цэвэр усны нөөц, бохир усыг цэвэрлэх асуудал, барилга байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын асуудлыг хамгийн түрүүн бодох хэрэгтэй. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн онолын гол төлөөлөгч “Капиталын нууц” номын зохиогч Фернандо Де Сото-оос Баабар 2010 онд болсон Гайтигийн гамшгийн тухай асуухад тэр хэлсэн байдаг: “-Хэдхэн жилийн өмнө Иранд 7 баллын газар хөдлөлт болоход 125 мянган хүн амиа алдсан бол АНУ-ын Сан Франциско хотод яг ижил хэмжээний баллын газар хөдлөлт болоход 20 хүн амиа алдсан. Энэ юуг харуулж байна гэхээр газар хөдлөлтөөс болж хүн амиа алддагүй, чанаргүй, стандартгүй барилга байшин л хүнийг алдаг.”

Өөрөөр хэлбэл төлөвлөлт, стандарт, норм дүрэм зөв бол хүний амь эрсдэхгүй гэж. Тиймээс стандартыг ягштал мөрдөх шаардлагатай. Хүн эрүүл байхын тулд хэзээ ч стандарт бус хоол хүнс хэрэглэж, хор уухгүй. Үүнтэй адил барилга архитектурын салбарт төлөвлөлтөө зөв хийгээд, стандарт, норм дүрмээ мөрдөөд ажиллах хэрэгтэй байна.

       Улаанбаатар хотын Ерөнхий архитектор О.Одбаяр илтгэлдээ НЕТГ-ын бүтэц, зохион байгуулалт, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан бол

  

БХТ-ийн Норм ба төлөвлөлтийн мэргэжилтэн С.Болормаа хот төлөвлөлтийн норм дүрмийн асуудлуудыг танилцуулав.    

 Тэрээр илтгэлдээ: “Улаанбаатар хотын хүн амын өсөлттэй холбоотойгоор шинээр баригдах барилга байгууламж эрчимтэй нэмэгдэж байна. Үүнийг дагаад зэрэгцсэн хоёр барилга хоорондоо загвар, дизайны хувьд ямар ч авцалдаагүй, барилга хоорондын зай, гал тусгаарлах хамгаалалтын зай хэмжээ зөрчигдсөн, хамгаалалтын зурваст баригдах барилгын тоо нэмэгдсээр байгаа. Барилга хоорондын зайг зохицуулсан “Хот,тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” ,  “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” норм дүрэм хоорондоо зөрчилддөг, 1960 оноос ЗХУ-ын норм дүрмийг шууд болон  орчуулж  хэрэглэсээр ирсэн. “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулинд нийтээр дагаж мөрдүүлэх эрхзүйн баримт бичиг нь эх хэл дээр байх ёстой гэсний дагуу БХБС-ын 2006 оны 28 дугаар тушаалаар барилгын норм, нормативын баримт бичгийг орос хэл дээр мөрдөгдөж байсныг хүчингүй болгож 22 нэр төрлийн норм, нормативын баримт бичгийг орчуулан мөрдүүлэх ажлыг эхлүүлсэн. Гэтэл барилгын салбарт орос хэл дээр шууд мөрдөж байгаа 33 нэр төрлийн норм нормативын баримт бичиг байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна. 

      Бусад улс норматив баримт бичгээ жил бүр хянаж, эрдэм, шинжилгээ судалгааны байгууллага нь боловсруулалт, өөрчлөлт оруулан мөрддөг. Гэтэл манайд судалгаа шинжилгээ болон мэргэжлийн институтын бүтэцтэй байгууллага байхгүй тул бусад орнуудын баримт бичгийн боловсруулалтын техникийн түвшин болоод хурдацыг гүйцэхгүй байна. Барилгын салбарын зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажилд оролцдог их дээд сургууль, төрийн бус байгууллага, барилгын ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүс хязгаарлагдмал, боловсон хүчин дутмаг. Ерөнхийдөө

  • Норм, дүрэм боловсруулах хугацаа бага, норм боловсруулах өртөг бага, мэргэжилтэн дутмаг,судалгаа шинжилгээнд тулгаарладаггүй.
  • Норм боловсруулах эрдэм шинжилгээ,судалгааны байгууллага байдаггүй.
  • Норм, дүрмийг байнгын үзлэгт хамруулдаггүйгээс хоорондын зөрчилдөө , давхцал байдаг.
  • ТББ, иргэдийн оролцоо бага
  • Норм, дүрмийн хэрэгжилтэнд тавих хяналт бага учраас норм дүрмээ зөрчдөг.

Цаашид:  -Хотын төлөвлөлтөнд бүсчлэлийн тогтолцоог нэвтрүүлэн барилгажих талбай,давхрын өндрийг бүс тус бүрээр норм дүрэмд тусгах;

  • Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нормын хэрэгжилтэнд мэргэжлийн байгууллагын үзлэг хийж, норматив баримт бичгүүдийг шинэчлэн сайжруулах;
  • Барилгын блокон төлөвлөлт, хүрээ хэсгийг галд их тэсвэршилтэй материалаар барих, хамгаалах байрыг төлөвлөх шаардлагатай” гэлээ.

НМХГ-ын Барилгын техникийн хяналтын Улсын ахлах байцаагч Б.Хашчимэг  илтгэлдээ:

“1.Бодлогын зохицуулалт, төлөвлөлтгүй барилга байгууламж барих газрын зөвшөөрөл өгч байгаагаас хотын инженерийн шугам сүлжээ, борхирын шугам ачааллаа даахгүй байна.

2. Нийслэлийн авто замын болон явган хүний замын дагуу барилгуудад өргөтгөл хийх, барилга барих зөвшөөрөл олгож байгаагаас цаашид хотын доторх зам талбайг өргөтгөх боломжгүй болгосон.

3. Шинээр баригдаж байгаа барилга байгууламжуудын хоорондын зай хэмжээ, давхрын өндөр нь хот төлөвлөлт, газар хөдлөлт, галын ба эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа нь газар хөдлөлт, гал усны аюул зэрэг нийтийг хамарсан гамшгийн үед авран хамгаалах үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцлийг бүрдүүлж байна.

4. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчин барилга тус бүрээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг орчны барилга байгууламжтай уялдуулахгүй зөвшилцөн батлаж, барилгын зураг төсөл боловруулж байгаа нь “Хот байгуулалтын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.1 / Хүн амын амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн, хот, тосгоны хөгжлийн чиглэлийг тодорхойлсон, хот, тосгоны хил хязгаар, газар нутгийн үүргийн бүсчлэл, инженер, зам тээвэр болон нийгмийн дэд бүтцийн хөгжил, түүх, соёлын дурсгалт байгууламж, архитектур-хот байгуулалтын шаардлага, экологийн болон эрүүл ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байх;/ заалтыг давхар зөрчиж байна.

Дээр дурьдсан нөхцөл байдлаас шалтгаалан УБ хотод үүсч бий болсон бодит нөхцөл байдал, үүний дотор нэгдсэн бодлого төлөвлөлтгүй явагдаж байгаа суурьшил барилгажилт хүн амын хэт их төвлөрөлт зэрэг нь Хот байгуулалтын салбарын үйл ажиллагаанд

сөрөгөөр нөлөөлж, хотын ундны усны хангамжийн нөөц хомсдох авто замын ачаалал нэмэгдэх, ногоон байгууламж устах, хөрс агаар бохирдох, барилга хоорондын зай хэмжээ, давхрын өндөр нь хот төлөвлөлт, газар хөдлөлт, галын ба эрүүл ахуйн шаардлагыг зөрчих нөхцлийг бүрдүүлж байна. Энэ нь хотын хөгжил, нүүр царай, өнгө төрхийг алдагдуулж, цаашид засч залруулах боломжгүй, заслаа гэхэд асар их хэмжээний хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр үр ашиггүй зарцуулагдах байдалд хүрч байгаа.

Цаашид:

  • Хот байгуулалтын салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгүй болгож, барилга, газрын харилцаа, дэд бүтэц, геодизи зураг зүйн салбаруудыг хууль тогтоомжуудтай нягт уялдуулах,
  • Хот байгуулалтын чиглэлээр илэрсэн зөрчдийг арилгах , бууруулахын тулд барилга байгууламж барих газар олгох хот суурин газруудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөгбатлах явцад хот байгуулалт, газрын харилцааны чиглэлээр урьдчилсан хяналт тавих асуудлыг “Газрын тухай”, “Хот байгуулалтын тухай” хуулинд заалт нэмэлт оруулах замаар шийдвэрлэх,
  • Барилгын зураг төсөл боловсруулахдаа “Хот байгуулалтын тухай”, “Барилгын тухай” хуулиуд болон холбогдох норм ба дүрэм, журам стандартыг мөрдөж ажиллах шаардлагатай” гэлээ.

Илтгэлийн дараа уулзалтанд оролцогчдын санал, хэлэлцүүлэг өрнөсөн. МАЭ-ийн гишүүн архитектор Б.Батжав:

- “Өнөөдөр энд тавьсан илтгэлүүд уулзалтын сэдэвтэйгээ тохироогүй байгаа нь анзаарагдаж байна. Ялангуяа норм норматив, мэргэжлийн хяналтын танилцуулгуудад маш тодорхой баримтуудыг жишээ болгоод газар олголт, гүйцэтгэл, архитектортой холбоотой зөрчлийг ил тод, нээлттэй ярьсан бол үр дүнтэй болох байлаа. Мөн эдгээр зөрчлийг яаж арилгах вэ гэдэг нь маш чухал. Өнөөдөр хот байгуулалтын үйл ажиллагаанд хот төлөвлөлтийн үндсэн зарчим мөрдөгдөхгүй байгаагийн гол шалтгаан нь хот төлөвлөлт гэж юу хэлээд байгааг ойлгохгүй байгаа явдал юм. Хоттой холбоотой эрүүл ахуйн, нийгмийн халамжийн гээд л бүхий л салбарын бодлогыг хот төлөвлөлт дээр суурилж боловсруулах ёстой. Гэтэл хотын удирдлагууд хот төлөвлөлт гэж нэг тусдаа, төлөвлөлтийн бодлого гэж нэг тусдаа зүйл байгаа мэтээр ярьдаг, ойлгодог. Энэ чигээрээ яваад байвал хотын хөгжил,  оршин суугчдын сайн сайхны тухай ярих ямар ч боломж байхгүй. Хотыг хөгжүүлэх зорилтот төлөвлөгөөг үе шаттай, бодитоор хэрэгжүүлэхийн тулд газар, дэд бүтэц, зам, барилгатай хамтад нь шийдсэн архитектурын шийдэл байх ёстой. Хот байгуулалтын тухай хуулийн үндсэн заалт энэ шүү дээ. Гэтэл үүнийг  хэрэгжүүлэхгүй байгаагаас хот байгуулалтыг тойрсон бүх үйл ажиллагааны доголдол үүсээд байна. Ганц жишээ хэлэхэд сүүлийн үед МУ-ын Ерөнхийлөгчөөсөө авахуулаад Монголд өмнө нь огт газар хөдөлж байгаагүй, газар хөдлөлийн талаар огт мэддэгүй юм шиг л гэнэтхэн газар хөдлөлийн тухай ярих боллоо. Монгол орон газар хөдлөлийн өндөр эрсдэлтэй бүсэд оршдог гэдгийг хэн хүнгүй мэднэ. Газар хөдлөлийн бүсчлэлийн хэдэн баллд байдаг вэ гэдгийг мэргэжлийнхэн бүгд мэднэ. Гэтэл энэ яриад байгаа зүйл нь хот байгуулалтын үндсэн зарчим болох ерөнхий төлөвлөгөөнд огт тусгагдаагүй. Зөвхөн Токио хотоор жишээ авч ярихад хотын ерөнхий төлөвлөгөөнд газар хөдлөлийн эсрэг төлөвлөлтийг хийж өгсөн байгаа. Доорх зурган дээр үзүүлсэн цагаан цэгүүд нь газар хөдлөлт болвол иргэд нь очих ёстой аюулгүй газар /эдгээр газрыг хүүхэд, хөгшидгүй хотын бүх иргэн мэддэг/, шар цэгүүд нь дүүргийн хэмжээний хоргодох байр /энд эмнэлгийн тусламж үйлчилгээ, хоол хүнсний нөөц гээд бүгд бий/, ногоон бүс нь хотын үндсэн төлөвлөлтийн гол тэнхлэгүүдийн дагуу галд тэсвэртэй шүүслэг ургамал тарьж ургуулсан хэсэг /галын аюулын үед хотын бусад хэсэгт галыг нэвтрүүлэхгүй байх зорилготой/  юм. Хотын өнгө үзэмж, ногоон байгууламжийн асуудлыг шийдэхдээ хүртэл газар хөдлөлөөс хамгаалах арга хэмжээг авсан байна. Гэтэл манайд газар хөдөллөө гэхэд хаашаа яаж гарч, хаана очвол аюулгүй байхыг мэддэг хүн байхгүй. Аюулгүй газар ч байхгүй. Өндөр барилгуудаа тулгаж барьсаар л байдаг, газар хөдөлвөл барилга доторх бүү хэл гадна ойр орчмын хүмүүс тэр барилгуудад даруулах аюул нүүрлээд байна.

Бид бас хот байгуулалтын үндсэн зарчмыг ойлгохгүй байна. Хот байгуулалт гэдэг нь олонхийн эрх ашгийн төлөө маш хатуу стандартын дагуу хэрэгждэг диктатурын бодлого. Энэ нь хүмүүст таалагдах, хүн амын тодорхой нэг хэсэгт үйлчлэх гэж, улс төрийнхөн өөрсдийн нэр хүндээ өсгөх зорилгоор хийдэг зүйл биш. Өнөөдөр хотын стандарт гэж байхгүй. Манайд мөрддөг норм норматив дээр барилга хоорондын зайг тоогоор заачихсан. Гэтэл аль ч орны норм дүрэмд барилга хоорондын зайг тоогоор бус томъёогоор илэрхийлсэн байдаг. Нарны тусгал, ойр орчмын зам талбай, барилгажилт, тухайн барилгын зориулалт зэрэг олон хүчин зүйлийг нэгтгээд тооцож гаргах ёстой үзүүлэлт болохоос биш шууд тэд байна гэж заах ёсгүй. Хэдий болтол ингэж явах вэ? Норм нормативаа шинэчлэх гэж байна, шинэчилж байна гэж өчнөөн ярьлаа. Төрийн байгууллагаас боловсруулж байгаа баримт бичиг нь мэргэжлийн үг хэллэгийг тайлбарлахдаа Орос, Англи үг орчуулгагүй холиод хэрэглэчихсэн, найруулгын хувьд өчнөөн алдаатай. Танилынхаа компанид ч юмуу, үнэ өртөг хямдыг нь боддог ч юмуу аль нэг хувийн компанид өгч хийлгэж байгаагаас ийм байдал үүсдэг. Тэрнийхээ оронд мэргэжлийн төрийн бус байгууллагуудад энэ чиг үүргийг нь хариуцуулаад өгчих л дөө.  Дээр нь германаас евро стандартыг  аваад хэрэглэчихнэ гэж яриад байх юм. Гадаад улсын норм норматив, стандартыг шууд авч хэрэглэнэ гэдэг бол залхуу хүмүүсийн асуудлыг өөрөөсөө түлхсэн хэрэг гэж би боддог.

    Ашиглалтад орсон барилгыг улсын комисс хүлээж авна гэдэг нь зүгээр л халтуурны ажил. Гадаадын улс орнуудаас сайныг нь авах гээд байгаа бол барилга хүлээж авах зарчмыг нь дууриалал болгоочээ. Манайхаас бусад улс оронд шинэ барилгыг улсын комисс биш даатгалын компани, үл хөдлөх хөрөнгийн компаний төлөөллүүд хүлээж авдаг. Бүх барилга даатгалтай байдаг, даатгахын тулд тухайн барилгын чанар, зураг төслөөр хийгдсэн эсэх зэргийг шалгаж хүлээж авдаг. Үл хөдлөх хөрөнгийн компани ч ялгаагүй, худалдаж борлуулах ёстой учраас чанар, аюулгүй байдал, өнгө үзэмж гээд бүгдийг нарийн шалгадаг. Манайх ийм л зарчим руу шилжмээр байна.

Хотын дарга нь аль нэг гадаад улсад явж ирээд л Улаанбаатар хотыг Парисын дизайнтай болгоно гэх мэтээр зоргоороо юм ярьдаг. Хот төлөвлөлт гэдэг нэгдсэн нэг бодлогоор явах ёстой болохоос биш хэн юу гоё харагдсанаа хуулж хэрэгжүүлдэг зүйл биш. Төрийн байгууллагууд нь чадваргүй хэдэн нөхдөөр дүүрчихсэн, дөнгөж өнөө маргаашаа аргацаах төдий л ажил хийцгээж байна. Ганцхан жишээ хэлэхэд, мэргэшсэн архитекторуудын зэрэг дэв олгох шалгалтанд ирж байгаа бүтээлүүдийг хар л даа. Их сургуулийн нэгдүгээр ангийн оюутны курсын ажлаас долоон дор юм хийж байна. Энэ зэрэг дэв олгох ажлыг мэргэжлийн байгууллагад нь яагаад өгөхгүй байгаа юм бэ? Өчнөөн жил хөөцөлдлөө. Ерөнхий, хийсвэр юм ярихын оронд саяны дурьдсан асуудлуудыг эхнээс нь шийдээд явбал арай л нэг өөр түвшинд хүрэх байх гэж найдаж байна.”

Энэ мэтчилэн уулзалтанд оролцсон төлөөллөөс ажил хэрэгч санал олон гарсан бөгөөд уулзалтаас гарсан санал, асуулгыг цаашид ажил хэрэг болгох талаар өнөөрдийн арга хэмжээг зохион байгуулсан НЕТГ, МАЭ хамтран ажиллахаа мэдэгдсэн.

 

2015-10-16
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 36
  • Сүүлийн 7 хоногт: 460
  • Энэ сард: 894
  • Нийт: 68181

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC