Тогтвортой барилга, түүний төлөвлөлт

    

Хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, барилгын төлөвлөлт, гүйцэтгэл, ашиглалтын үед илүү зардалгүй, барилгыг барих явцад болон ашиглалтын хугацаа дуусаад буулгах үед хаягдал багатай барилгыг тогтвортой барилга гэнэ.

Тогтвортой барилгад тавигдах шаардлага:

  • Амьдралын мөчлөгийн тооцоо ба үнэлгээтэй/ байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл бага/
  • Үр ашигтай төлөвлөлт
  • Ашиглалтын үед эрчим хүчний болон усны хэмнэлттэй
  • Тогтвортой материал ашигласан
  • Дотор агаарын чанарын шаардлага хангасан
  • Барилга угсралтын үеийн хог хаягдал бага
  • Буулгах үед материалыг нь дахин ашиглах гэх мэт.

Тогтвортой барилгыг төлөвлөхдөө дараах үндсэн зарчмуудыг баримтална. Үүнд:

  1. Барилгын эрчим хүчний хэмнэлтийн зарчмууд: Тогтвортой барилга нь сэргээгдэх эрчим хүчээр хангагдах боломжтой, эрчим хүчний хэрэглээний хувьд стандартад заасан хэмжээнд эсвэл илүү хэмнэлттэй байх
  2. Барилга баригдах газрыг зөв сонгох: Тогтвортой барилга барих үйл ажиллагаа нь орон нутгийн экосистемд үзүүлэх нөлөөлөл, тээвэр хийх боломж, эрчим хүчээр хангах байдал зэргийг тооцож, газрыг нь зөв сонгохоос эхлэх ба улмаар барилгыг байрлуулах зүг чигийг зөв тогтоох нь чухал байдаг.
  3. Усны хэрэглээ: Дэлхий нийтээр ихэнхи улс орнууд ундны усны нөөцийн хомсдолд орсон өнөө үед тогтвортой барилгыг усыг хэмнэх, үр ашигтай зарцуулах, дахин ашиглах буюу саарал ус ашиглах боломжтой байдлаар төлөвлөдөг.
  4. Зөв төлөвлөлт: Барилгын хаших бүтээцийг зөв төлөвлөх, дулааны хамгаалалтын тооцооны программыг ашиглах, барилгын масс ба дулааны алдагдлын гүүрийг зөв тооцох, ногоон барилгын материал ашиглах, барилгын норм дүрэм, стандартуудыг баримтлах нь чухал.
  5. Дотор агаарын чанар: Барилгын дотор агаарын чанар нь хүний эрүүл мэнд, тав тухтай байдал, хөдөлмөрийн бүтээмжид хамгийн чухал хүчин зүйл байдаг. Дотор агаарын чанарт тавигдах нийтлэг шаардлагаас гадна чийгийн хяналт, агаар сэлгэлтийн зохистой ажиллагаа, байгалийн гэрэлтүүлэг зэргийг мөн адил авч үзэх хэрэгтэй.
  6. Одоо байгаа барилгуудад судалгаа хийх: Ихэнхи тохиолдолд хуучин барилгыг нураан, талбайг дахин сэргээж, барилга байгууламж шинээр барих нь зөв төлөвлөлтөд тооцогддог.
  7. Хэрэглээ ба менежментийг зөв хийх гэх мэт.

Барилгын эрчим хүчний хэмнэлтийн зарчим гэдэг нь уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг оновчтой төлөвлөх замаар барилгын ашиглалтын үеийн эрчим хүчний хэрэглээг хамгийн бага түвшинд хүргэхийг хэлнэ.

Барилгын зураг төсөлд уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг оновчтой ашиглах гэдэг нь:

  • Байршлыг зөв тогтоох буюу сүүдэрлэлтийг анхаарах
  • Нарны энерги болон байгалийн салхины урсгалыг зохистой ашиглах
  • Барилгын дулаалга ба барилгын инженерийн системийг зөв төлөвлөх зэргийг хэлнэ.

Барилгын байршил ба сүүдэрлэлт:

  • Нарны элчийг бүрэн оруулах зорилгоор цонхыг урд зүг рүү чиглүүлж байрлуулах
  • Зуны цагт хэт халалтаас хамгаалах зорилгоор мод, эргэн тойрны барилга байшингийн сүүдрийг зөв ашиглах нь чухал.
  • Барилгын авсаархан компакт төлөвлөлт, урд зүг рүү харсан сүүдрэвчтэй битүү шилэн фасад, дулаан эсэргүүцэл сайтай шил ашигласнаар өвөл дулаан алдагдал, зуны улиралд хэт халалтаас хамгаална. Мөн өвлийн улиралд нарны энерги дулааныг авах боломжтой.

]

2015-10-15
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 20
  • Сүүлийн 7 хоногт: 438
  • Энэ сард: 1397
  • Нийт: 66927

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC