Архитектурын сургалттай их дээд сургуулиудыг МАЭ-ийн гишүүнээр элсүүллээ

     

     Дэлхийн архитектурын өдрийг тохиолдуулан МАЭ-ээс архитектурын сургалттай ШУТИС-ын Барилга архитектурын сургууль, ХААИС-ийн Агроэкологийн сургууль, Монгол үндэсний их сургууль, Их засаг олон улсын их сургуулийн Дүрслэх урлаг дизайны сургууль, Улаанбаатар эрдэм их сургууль, Урлах эрдмийн дээд сургууль, Сити дээд сургууль, Дизайн урлагийн дээд сургуулиудад гишүүн байгууллагын гэрчилгээ олгох хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

      Энэхүү арга хэмжээ нь энэ оны  5 дугаар сарын 22-ны өдөр МАЭ-ээс санаачлан зохион байгуулсан “Архитектурын мэргэжлийн сургалтын шинэчлэл” сэдэвт зөвлөгөөний нэг чухал үр дүн юм. Монгол Улсад "архитектор" бэлтгээд 40 гаруй жил болж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар архитектурын сургалттай 8 их дээд сургууль Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. МАЭ-ээс архитектурын боловсролын системийг олон улсын стандартад нийцүүлэхийн тулд архитектурын мэргэжлийн бакалаврын болон ахисан шатны мэргэжлийн сургалтын үйл ажиллагааны өнөөгийн байдалд судалгаа, дүгнэлт хийн,  энэхүү тайлангаа 5 дугаар сард дээрх их дээд сургуулиудтай хамтран зөвлөлдсөн билээ. Зөвлөгөөний үеэр авч хэлэлцсэн онцгой ач холбогдолтой асуудал бол архитектурын боловсролын системд ЮНЕСКО, Олон Улсын Архитекторуудын Эвлэлийн хамтран баталсан хөтөлбөр, дүрэм, стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх тухай байсан юм. Архитектурын сургалттай их дээд сургуулиудыг МАЭ-ийн гишүүн байгууллагаар элсүүлснээр тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэг шат ойртсон чухал үйл явдал боллоо хэмээн МАЭ-ийн Ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар онцоллоо.

       Арга хэмжээний үеэр их дээд сургуулиуд урлагийн үзүүлбэрээр мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд төлөөлөн ирсэн захирал, багш нар МАЭ-ийн гишүүн байгууллагаар элсэх болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн асуудлыг тууштай дэмжихээ илэрхийлж байсан юм.

 

2015-10-06
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 44
  • Сүүлийн 7 хоногт: 509
  • Энэ сард: 1504
  • Нийт: 63054

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC