Дэлхийн архитектурын өдөр тохиож байна

    

        Өнөөдөр буюу 10 дугаар сарын 5-ны өдөр Дэлхийн архитектурын өдөр тохиож байна. Олон улсын архитекторуудын эвлэлээс Дэлхийн архитектурын өдрийг “Архитектур, барилга, цаг уур” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ. ОУАЭ-ээс Дэлхийн архитектурын өдрийг жил бүр өөр өөр сэдвээр тэмдэглэдэг бөгөөд энэ удаад удахгүй Парис хотноо болох НҮБ-ын “COP-21” буюу Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дээд хэмжээний уулзалттай холбогдуулж  тус сэдвийг сонгожээ.  Учир нь тус уулзалтанд ОУАЭ-ийн Ерөнхийлөгч Оса Мохаммед оролцож архитекторуудын дуу хоолойг хүргэх юм. НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн ОУАЭ нь дэлхий даяар 124 улс орны мэргэжлийн Архитекторуудын холбоодыг нэгтгэсэн ойролцоогоор 1,3 сая гишүүдтэй. Парис хотод ОУАЭ –ийн Нарийн бичгийн дарга нарын, холбооны удирдлага, ерөнхий захиргаа байрладаг.  Монголын Архитекторуудын Эвлэл 1963 онд  Олон Улсын Архитекторуудын Эвлэл(UIA)-ийн гишүүнээр элссэн.

     Дэлхий дахины архитекторууд тэмдэглэн өнгөрүүлж буй энэ өдрийг Монголын архитекторуудын эвлэлээс архитектурын сургалттай их дээд сургуулиудтай хамтран тэмдэглэхээр болсон бөгөөд тэднийг МАЭ-ийн Гишүүн байгууллагаар элсүүлж, гэрчилгээ олгох юм.  Хүндэтгэлийн арга хэмжээ 10 дугаар сарын 5-ны 18 цагт МАЭ-ийн ордонд болно. Монголын архитекторуудын эвлэл нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 545 дугаар тогтоолоор байгуулагдсан мэргэжлийн төрийн бус байгууллага бөгөөд өдгөө 59 дэх жилдээ Монголын архитекторуудын эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих, тэдний бүтээлийг олон улсад сурталчилан таниулах зорилгоор олон нийтийг хамарсан үзэсгэлэн, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. Монголын архитекторууд ОХУ \ЗХУ\, БНБАУ, БНАГУ, БНСЧСУ, БНУАУ, ХБНЮУ, БНПАУ, БНКУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, ЯПОН, БНТУ-д  болон дотоодын их сургуульд суралцаж төгссөн мэргэжилтнүүд байдаг

      Ингээд үе үеийн архитекторууддаа Дэлхийн архитектурын өдрийн мэндийг хүргэж, ажлын амжилт хүсье.

МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭВЛЭЛ

2015-10-05
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 36
  • Сүүлийн 7 хоногт: 460
  • Энэ сард: 894
  • Нийт: 68181

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC