ARCASIA форум 11 сард болно

       Энэ оны 11 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд Тайландын Аюутаяа хотод Азийн архитекторуудын чуулган буюу  ARCASIA-ийн 18-р их хурал зохион байгуулагдана. Тус чуулганы гол онцлог нь бүс нутагт тохирсон архитектурын шийдлийн талаарх хэлэлцүүлэг байх бөгөөд уламжлал ёсоор Шилдэг архитекторын шагнал олгох ёслол, Аялал жуулчлалын болон оюутны шилдэг бүтээл шалгаруулах ажиллагаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээ  зохиогдох юм.

       Зохион байгуулагчдын зүгээс:  “ARCASIA” форум нь Азийн улс орнуудын оюун санааны илэрхийлэл болсон гайхалтай бүтээлүүдийг урлаачдыг олон улсад танилцуулж сурталчилах зорилготой бөгөөд алдартай архитектор, сэтгэгчид нэг дор хуран чуулдгаараа онцлог юм. 2015 оны ARCASIA форумын  сэдэв нь “Архитектурын өнгөрсөн ба ирээдүйн хөгжил” байна.  Зарим хүмүүс хуучин хотуудын тухай одоо ярих хэрэг байна уу гэж бодож байж болох ч ирээдүйн хөгжлөө тодорхойлохын тулд өнгөрснөө эргэн харах зайлшгүй шаардлага байгаа билээ.

       Сүүлийн арван жилд Азийн хотууд үсрэнгүй хөгжиж, олон зүйл шинэчлэгдэж өөрчлөгдсөн ч хуучны түүх соёлын барилга байгууламжийг хадгалж үлдэх тал дээр адилгүй байгаа нь анзаарагддаг. Зарим нь дурсгалт барилга байгууламжаа маш сайн хадгалж үлдсэн бол нурж сүйдсэн, мартагдаж алга болсон байгууламж ч олон бий. Хуучны түүх соёлын барилга байгууламж, хот тосгодыг дөнгөж өнөөдөр барьсан мэт шинэчилж засаад аялал жуулчлалын бааз болгон ашиглаж байгаа улс орнууд байхад балгас болгоод орхисон тохиолдол ч байна.  Орчин үеийн төлөвлөлттэй хот сууринг хөгжүүлэхдээ шинэ ба хуучны тэнцвэрийг хадгалахын тулд өнгөрсөн үе рүүгээ аялах, нөхцөл байдлаа зөв тодорхойлох шаардлага тулгарч байгаа юм. Архитектор, зураг төсөлчид, хот төлөвлөгчид ирээдүйгээ тодорхойлохдоо өнгөрсөн үеийн хөрсөн дээр бойжиж байгаа гэдгээ мартаж болохгүй.Тиймээс л энэ удаагийн форумын сэдвээр өнгөрсөн ба ирээдүйн талаар хэлэлцэх бөгөөд цаашид хот төлөвлөлтийг хөгжүүлэхдээ алсын хараагаа зөв тодорхойлж өнгөрсөн үеээ орхих биш сэргээн засаж хамтад авч явах нь чухал болох талаар ойлгохыг хичээх юм байна.

Жич: Тус их хуралд оролцох МАЭ-ийн гишүүн архитекторууд бүртгүүлнэ үү. Хуралд оролцох бүртгэлийн хураамж 350$, 40-өөс доош насны залуу архитекторууд 250$, оюутнууд үнэ төлбөргүй оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 77130638 утсаар лавлаарай

2015-09-30
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 20
  • Сүүлийн 7 хоногт: 438
  • Энэ сард: 1397
  • Нийт: 66927

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC