“Улаанбаатар 2015” хот төлөвлөлт, архитектурын семинар болж өнгөрлөө

     

    Монгол, Франц улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд  “Улаанбаатар 2015” хот төлөвлөлт, архитектурын семинар 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн засаг захиргааны 5-р байрны Нийслэлийн иргэний танхимд болж өнгөрлөө. Энэхүү семинарыг Монгол улс дахь Францын элчин сайдын яам, Улаанбаатар хотын захиргаа, Архитектур, Хүн судлалын лаборатори /LAA/, Парис Виллетийн Архитектурын үндэсний дээд сургууль /ENSAPLV/, Хүн судлалын шинжлэх ухааны газар /MSH/, Парисын хот тохижилтын газар /APUR/, Монгол улсын ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль, Францын институт болон Улаанбаатар хот дахь Монгол-Францын төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан бөгөөд  Гэр хороолол ба хотын зах, Орчин үеийн өндөр барилгууд ба төвлөрөл, Монгол Улсын хотжилт: Жирийн хот уу эсвэл онцгой нэгэн хот уу? гэсэн сэдвийн хүрээнд явагдлаа.

      “Улаанбаатар 2015” судалгааны хамтарсан төсөл нь өмнөх жилийн төслүүдийн үргэлжлэл бөгөөд 2013 оноос хойш Улаанбаатар хотын захиргаа болон Монгол дахь Францын Элчин сайдын яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр ENSAPLV, ШУТИС, APUR нар хамтран хэрэгжүүлж иржээ. Төслийн хүрээнд 2013 онд оюутнууд нийслэл хот дахь  барилга байгууламжуудын хэлбэр хийцийг судласан бол 2014 онд хотын барилгажилтын түүх, түүний орчин үеийн өөрчлөлт, хувьсал болон социализмын үед баригдсан өндөр барилгуудын цаашдын ирээдүйн талаар судалгаагаа явуулсан байна. 2015 онд төслийн багийнхан “хотын зах” сэдвийг хөндөн, хотын төв ба хотын захын хоорондын зохицолдоог тодруулахыг зорьжээ.

      Энэхүү уулзалт семинарын гол зорилго нь хот төлөвлөлт, хүн судлалын мэргэжилтэн, архитектор, эрдэмтэн багш нар зэрэг төрөл бүрийн мэргэжилтэн, судлаачид сэдвийн хүрээнд санал бодлоо солилцон, өөрийн гэсэн онцлогтой хотын талаар нэгдсэн дүгнэлтэд хүрэх явдал юм гэж зохион байгуулагчид тодорхойлсон. Семинарын үйл ажиллагаа өглөөний 9 цагт Төслийн ерөнхий танилцуулгаар эхэлсэн бөгөөд Францын Нийгмийн шинжлэх ухааны дээд сургуулийн сургалт хариуцсан захирал Мишель Ажиегийн “Хүн төрөлхтөний даяаршил, хотын захын болон хотжилтын нөхцөл байдлын уялдаа” сэдэвт судалгааны төслийн танилцуулгаар үргэлжиллээ.

      Дараагаар нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга С.Даланжаргал “Гэр хороолол ба хотын зах” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний хэсгээс танилцуулга хийсэн бөгөөд асуулт хариултаар үргэлжиллээ.

Асуулт:-Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчин хэр нөлөөлж байна вэ? Эдийн засгийн хүндрэлээс гадна ерөнхий төлөвлөгөөний хууль байхгүй явдал нь хэрэгжүүлэх явцад олон хүндрэл дагуулж байна гэж хүмүүс дүгнэдэг?

Хариулт: - Хууль, эрх зүйн орчин нөлөөлсөн юм байхгүй. Хот төлөвлөлтийн хууль хэрэгжиж байгаа учраас энэ хуулиараа л асуудлыг зохицуулна.

Асуулт:- Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг саармагжуулахад дан ганц хотын ерөнхий төлөвлөгөө хангалтгүй байх. Бид асуудлыг дотроос нь биш гаднаас нь харах хэрэгтэй болов уу. Эхлээд хүн амын нутагшил суурьшил, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гаргаад үүнтэйгээ уялдсан хотуудын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх боломж бий юу?

Хариулт:- Монгол улсын үндсэн хуулинд хүн амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй гэж заасан байдаг. Тиймээс бид иргэдийн амьдрах газрыг өмнөөс нь шийдэх боломжгүй. Бид хүн амын төвлөрлийг асуудал биш боломж гэж харах ёстой. Орчин үеийн өндөр хөгжилтэй хотыг бий болгоход хүний хүч ихээхэн шаардлагатай. Гадаадын зарим оронд хотоо хөгжүүлэхийн тулд хүн амыг олноор төвлөрүүлдэг жишээ бий. Мэдээж төвлөрлийг сааруулах, хотыг хөгжүүлэхэд асуудал зөндөө гарч ирнэ. Бид эхнээс нь бага багаар шийдээд явж байгаа.

Семинарын дараагийн танилцуулга “Орчин үеийн өндөр барилгууд ба төвлөрөл”  сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд НЕТГ-ын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Т.Ганзориг Бага тойруу орчмын барилгажилтын ерөнхий байдал, дахин төлөвлөлтийн талаар, Монгол улсын Зөвлөх архитектор, багш С.Одон Монгол улсад орчин үеийн архитектур үүсч бий болсон түүхэн хөгжлийн тухай, Термигаз Монголиа ХХК-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Раффаеле Орефис хуучны дурсгалт барилгуудын хадгалан хамгаалах, хэрхэн шинэчлэн засварлах талаар мэдээлэл хийлээ.

       НЕТГ-ын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Т.Ганзориг илтгэлдээ бага тойруу орчимд дурсгалт барилга байгууламж 155 байгаагаас улсын хамгаалалтанд 7, нийслэлийн 1-р зэргийн хамгаалалтанд 23, 2-р зэргийн хамгаалалтанд 125 барилга байгааг дурьдаад Худалдааны гудамж, Цэрэндоржийн гудамж дагуу Гандантэгчилэн хийдийг холбох газар дээрх болон доорх орон зайг хамарсан явган хүний зам талбай бүхий “Жуулчны гудамж” бий болгоно гэлээ. Түүнчлэн Бага тойруу орчмыг дахин төлөвлөлтийн хүрээнд хуучин, газар хөдлөлтийн арга хэмжээнд тусгагдаагүй барилга байгууламжуудыг шинэчлэн сайжруулснаар иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх ба хотын төвийн хэсгийн газар ашиглалтыг нэмэгдүүлэн, хуучин барилга байгууламжийг шинэчилснээр ногоон байгууламж, зам талбай нэмэгдэн, хотын төвийн өнгө үзэмж сайжирч иргэдийн ажиллаж амьдрах тав тухтай орчин бүрдэнэ гэлээ. Эдийн засгийн хувьд хөрөнгө оруулалтын таатай орчинг бий болгон хөрөнгө оруулагчдыг дэмжсэнээр хотын эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ, хотын төвийн хэсгийн барилга байгууламжийн үнэ цэнэ өснө, улс нийслэлийн татварын орлого өсч, улмаар хөрөнгө оруулах чадвар нэмэгдэх гэнэ.

       Ийнхүү бүтэн өдөр үргэлжилсэн семинарын төгсгөлд “Монголын хотжилт” сэдвийн хүрээнд Хот  төлөвлөлтийн мэргэшсэн архитектор Ц.Бат-Эрдэнэ, НЗТХ-ийн Ерөнхий хот төлөвлөгч Ж.Нарангэрэл нар илтгэл тавьж, Францын элчин сайдын яамны Эдийн засгийн зөвлөх Пьер Фарино орчин үеийн төлөвлөлт сайтай хотуудын жишээ болгож Казакстаны Астана болон Чилийн Сантяго хотуудаас бэлтгэсэн видео бичлэгийг үзүүлснээр арга хэмжээ өндөрлөлөө.

2015-09-25
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 57
  • Сүүлийн 7 хоногт: 407
  • Энэ сард: 1348
  • Нийт: 70491

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC