Улаанбаатар хотын бүсийн хөгжлийн чиг хандлага

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг цувралаар хүргэж байна.

       

 

   Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Улаанбаатар хотыг бие даасан бүсийн жишгээр хөгжүүлэхээр заасан байдаг. Улаанбаатарын бүсэд Улаанбаатар хот, алслагдсан гурван дүүргийн нутаг дэвсгэр, нийслэлийн хил доторх хаяа тосгон суурингууд багтана. Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, нийслэлийн хүн амын ая тухтай оршин суух орчныг бүрдүүлэх, ундны усны баталгаатай нөөц, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалан нийслэл хотын тогтвортой хөгжлийн суурь нөхцлийг бүрдүүлэх нь шинэ ерөнхий төлөвлөгөөний үндсэн зорилт юм. Энэ зорилтын хүрээнд Улаанбаатар хотын хаяа, дагуул хот тосгодыг тэнцвэртэй, жигд, эрчимтэй хөгжүүлж, хөгжлийн шинэ төвүүдийг байгуулах замаар Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлийг сааруулах бодлогыг баримталлаа.

       Энэ нь Улаанбаатар хот болон Улаанбаатарын бүсийг 2030 он хүртэл хөгжүүлэх, ерөнхий төлөвлөгөөний гол стратеги юм. Улаанбаатарын бүсийн хүн амын хэтийн төлөв Монгол улсын Засгийн газрын бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах бодлого, уул уурхай, бусад салбарын хөгжлийг дэмжих бодлого, Улаанбаатарын хаяа, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний зорилтыг харгалзан Улаанбаатарын бүсийн хүн амын хэтийн төлвийг тодорхойллоо. 2030 онд Улаанбаатарын бүсийн хүн ам Монгол улсын нийт хүн амын 50.3%-аас хэтрэхгүй байхаар тооцов. Улаанбаатарын бүсийн нийт хүн амд хаяа, дагуул хот тосгодын хүн амын эзлэх хувь 2010 онд 8.9% байсан бол 2030 онд 20.6 хувь болж 3.5 дахин нэмэгдэнэ. Харин бүс дотроо Улаанбаатарын хүн амын эзлэх хувь 2010 онд 91% байсан бол 2030 онд 79.4 хувь болж буурах хандлагатай байна.

Дагуул хотуудын хөгжлийн чиг хандлага

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд дагуул хот, алслагдсан дүүргүүдийг боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний тодорхой чиглэлээр төрөлжүүлэн эрчимтэй хөгжүүлж, инженерийн болон нийгмийн нэн шаардлагатай дэд бүтэц барьж байгуулахад хөрөнгө оруулалтыг чиглүүлэн,

татвар, санхүүгийн бодлогоор дэмжинэ.

Налайхыг 4194 га нутаг дэвсгэртэй, 65 орчим мянган оршин суугчтай, технологи нутагшуулах парк, тээвэр ложистик, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ төвлөрсөн, хаяа хот болгож хөгжүүлнэ.

Багануурыг 5982 га нутаг дэвсгэртэй, 60 орчим мянган хүн амтай, уул уурхай, эрчим хүч, хими технологи, барилгын материалын үйлдвэрлэл түлхүү хөгжсөн стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрийн хот, дүүргийн төв болгохоор төлөвлөв.

Багахангай тосгоныг 3235 га нутаг дэвсгэртэй, 10 орчим мянган хүн амтай, дүүргийн төв, тээвэр ложистик, агуулах, бөөний худалдаа, хүнс, барилгын материалын үйлдвэрлэл хөгжсөн, татваргүй тосгон болгоно

Шинээр байгуулах хот

Нисэхийн шинэ хот /Аэро сити/: Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд шинээр барих олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн, 1695 га нутаг дэвсгэр бүхий 100000 оршин суугчтай, агаарын тээвэр, түүнийг дагалдах засвар үйлчилгээ, мэдээлэл технологи, худалдаа бизнес, төмөр зам, агаарын тээврийн ложистик төвлөрсөн шинэ хот байгуулна.

Эмээлт–Аргалант. Улаанбаатар хот дахь мал аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, Эмээлт өртөөг түшиглэн хөнгөн аж үйлдвэрийн парк, хөдөө аж ахуйн түүхий эдийн бирж, ложистик, агуулахын аж ахуйг хөгжүүлсэн шинэ хот байгуулна. Энэ хот нь 3081 га нутаг дэвсгэр бүхий 14 орчим мянган хүн амтай байхаар төлөвлөлөө.

Бусад тосгон суурин

Гачуурт тосгоныг 1164 га нутаг дэвсгэртэй, 7000 хүн ам бүхий, амралт зугаалга, зуслан суурьшил, байгалийн аялал жуулчлал хөгжсөн, Улаанбаатар хотын дагуул хот маягийн тосгон болгохоор төлөвлөж байна.

Өлзийт хороог 923,1 га нутаг дэвсгэртэй, 5000 хүн амтай, жимс жимсгэнэ, хүнсний нарийн ногооны хүлэмжийн аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл түлхүү хөгжүүлсэн, Улаанбаатар хотын дагуул хот маягийн тосгон болгон хөгжүүлнэ.

Туул тосгон нь 10000 хүн амтай, 2812,3 га нутаг дэвсгэр бүхий хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн, Улаанбаатар хотын дагуул хот маягийн тосгон болно.

Био-Сонгиныг 974,4 га нутаг дэвсгэртэй, 7600 хүн амтай, малын эм бэлдмэл, нано- биотехнологи, хүнсний жижиг, дунд үйлдвэрлэл, амралт сувилал хөгжсөн, Улаанбаатар хотын дагуул тосгон болгон хөгжүүлнэ.

Партизан-Жаргалантын суурьшлын бүс нь Жаргалант, 361-ийн гарам, Рашаант 442 хэмээх үндсэн гурван тосгон суурингаас бүрдэнэ. 3173 мянган

га нутаг дэвсгэр бүхий, 13,5 мянган хүн амтай, хөдөө аж ахуй хөгжсөн, Улаанбаатар хотын хаяа тосгон болгохоор төлөвлөлөө.

 

Тээвэр, ложистикийн хөгжил

Улаанбаатар төмөр замын зангилааны ачааллыг хөнгөвчлөх, экспорт, дамжин өнгөрөх ачааг саадгүй түргэн шуурхай нэвтрүүлэх үүднээс Богдхан уулын өврөөр Улаанбаатар хотыг үл дайрах олон улсын ач холбогдол бүхий төмөр замын шинэ шугам байгуулахаар 2020 оны ерөнхий төлөвлөгөөнд тусгав. Энэхүү шинэ төмөр зам нь Төв аймгийн Батсүмбэр сум буюу Мандал өртөөнөөс эхэлж, одоо ашиглаж байгаа гол шугамаас салаалан, Зуунмодоор дамжин гарч, Багахангай өртөө хүрнэ. Техник-эдийн засгийн үндэслэлд тусгаснаар уг төмөр замын урт 170 км байх юм.

Хүн ам шигүү суурьсан Улаанбаатар хотын дундуур төмөр замаар транзит ачаа тээвэр нэвтрүүлэхгүй байх нь нийслэлийн хүн амын аюулгүй байдлыг хангах зорилгод нийцэж байгаа юм. Уг төмөр замыг тавьснаар БНХАУ, Европын улс орнууд, ОХУ-ын хооронд хийх ачаа тээвэр нэмэгдсэнээр Монгол улсад орох ашиг өсөх зэрэг олон эерэг нөхцөл байдал бий болно. Мөн уг төмөр замаас салаалсан үйлдвэрийн бүсийн төмөр замыг байгуулснаар хотын дундуур өнгөрдөг ачаа тээвэрлэлтийг хязгаарлаж, зөвхөн зорчигч тээврийн зориулалттай багтаамж ихтэй нийтийн тээврийг хөгжүүлэх боломж нэмэгдэх юм.

Дагуул хот сууринг Улаанбаатар хоттой холбосон автозамын сүлжээг сайжруулж, улмаар Азийн 3-р хурдны зам /АН-3/-ыг Богд уулын өврөөр шинэ нисэх онгоцны буудлаар дайруулан гол замтай холбоно. Налайх- Улаанбаатарыг холбосон автозамыг өргөтгөн, ангиллыг нь нэмэгдүүлнэ. Улаанбаатар хотын дундуур гарсан хурдны замыг Налайхын замтай зэрэгцүүлэн үргэлжлүүлж, Налайх хоттой холбоно. Улаанбаатарын бүсийн ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, хотын зам тээврийн  ачааллыг бууруулах, байгаль экологийн нөхцөл байдлыг сайжруулах үүднээс төмөр зам дагасан дагуул хот суурингуудыг түшиглэн хотын баруун /Эмээлт- Аргалант/, зүүн /Налайхын орчим/, баруун урд Багахангай, урд Аэросити буюу Нисэхийн шинэ хот гэсэн 4 хэсэгт улс, хотын чанартай нэгдсэн ложистикийн төв байгуулна.

Нисэхийн шинэ хот болон Буянт-Ухаа дахь “Чингисхаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн овор бага, өртөг өндөр бараа тээвэрлэх агаарын тээврийн, Багахангайд тэсэрч дэлбэрэх, химийн аюултай бодис хадгалах тусгай зориулалтын терминал байгуулна. Өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй цөөн тооны, хүчин чадал багатай, өргөтгөх боломжгүй, үйлчилгээний хүрээ явцуу, барилга байгууламж, тоног төхөөрөмж нь хуучирсан терминалиудыг татан буулгаж, оронд нь нийслэл хотыг олон улсын тээвэр ложистикийн үйлчилгээнд холбосон, иж бүрэн үйлчилгээтэй нэгдсэн терминал, тээвэр, агуулахын цогцолбор бүхий ложистикийн төвийг Толгойтын урд хэсэгт шинээр байгуулна

Нийслэлийн ногоон бүс

Байгаль экологийн хязгаарлагч хүчин зүйлс, хүн амын суурьшлын чиг хандлага зэрэг хот төлөвлөлтөд нөлөөлөгч бодит хүчин зүйлсийг харгалзан Улаанбаатар хотын хотжилтыг дэмжих, хотжилтыг хязгаарлах бүсүүдийн хил заагийг шинээр тодорхойллоо. Хотжилтыг дэмжих бүс нь хотын одоогийн барилгажсан хэсэг байх бөгөөд цаашид тэлэх боломжтой нийт 35 мянган га нутаг дэвсгэр бүхий газар юм. Хотжилтыг хязгаарлах бүс нь бие даасан хамгаалалтын захиргаа, хууль, дүрмээр тогтоосон нийслэлийн ногоон бүс байна. Ногоон бүс нь нийслэл хотын эмх замбараагүй тэлэлтийг хязгаарлах, хэт төвлөрлийг сааруулах, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалан авч үлдэх, улмаар оршин суугчдын амрах, чөлөөт цагаа өнгөрөөх таатай орчин болгон хөгжүүлнэ.

 

2015-09-23
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 44
  • Сүүлийн 7 хоногт: 509
  • Энэ сард: 1504
  • Нийт: 63054

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC