Монголын уран барилгын түүхэн хөгжил

        Үйлдвэрлэх хүчний хөгжил нэн доод түвшинд байсан манай эрины III зууны үеэс Монголчуудын уран барилгын түүх эхэлдэг. Монголын нутаг дэвсгэрт 300-гаад эртний хот суурин, 4000 гаруй сүм дуган, 770-аад хүрээ, хийд оршиж байсныг археологчид тогтоосон байдаг. Монгол архитектур ард иргэдийнхээ амьдарч ажиллах зохиомол орон зайн нийгмийн байдал, түүний мөн чанарын хүмүүнлэг тал, дэлхийн соёл иргэншил, ертөнцийг үзэх үзлийн гоо сайхны тал, эцэст нь тэд аюулгүй орчинд амьдрах техникийн талын чанаруудыг өөртөө бүрэн шингээсэн байдаг.
       Хүнд нүсэр хөдөлмөр шингэсэн, соёл урлагийн өндөр түвшинг илтгэсэн монгол архитектур хүн ардынхаа оюун санааны болон бодит материаллаг хэрэгцээг найдвартай хангаж ирсэн түүхтэй. Иймдээ ч монгол архитектур Буддын шашны гүн ухааны үзэл санаа, түүний эрэмбэ зохицол, өв уламжлалыг агуулсан онолын бодьлиг шинж чанарыг илтгэсэн өөрийн гэсэн өвөрмөц хэллэг, арга хэрэглүүртэй байдаг.

       Монголчууд 81 ам дөрвөлжин талбайг 81 хуваагаад нэг нүдийг нь "гэр" хэмээн нэрлэсэн байна. Ер нь монгол гэр үндэсний уран барилгын суурь элемент гэдэг.  Үүнийг олон талт болон дөрвөлжин, дугуй зэрэг олон хэлбэрийн монгол үндэсний сүм дуган, хийд шилтгээний архитектур үүссэнээр нотлогдоно. Түүгээр ч барахгүй Монгол архитектур дэлхий нийгмийн хөгжил, түүний соёл иргэншлийн түүх, үйлдвэрлэх хүчний түвшинтэй салшгүй холбоотой болохыг ч мэдэрч болно.
Иймдээ ч монгол хот суурины гудамж талбайд, ерөөс бидний хараанд өртөж буй монгол архитектурын байгууламжууд, хот суурины орон зайн тогтолцоог харахад л монгол улсын үе үеийнх нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн үүх түүхийг уншин тольдож байгаа мэт сэтгэгдлийг хүнд төрүүлнэ.
     

       Монгол шүтээний сүм, дуган, хүрээ, хийд, орд харш, шилтгээний хэв шинж, хэлбэр төрх, түүний өвөрмөц хийц, бүтээц, их биед нь ашигласан монгол уран зураг, дүрслэх урлагийн хэрэгсэл нь монголчуудын ёс заншил болон шашин шүтлэг, зан үйлийн ёс зүйн шинж чанарыг илтгэж байдаг. Энэ чанараараа монгол гэсэн органик шинжээ хадгалдаг. Тухайлбал: Амарбаясгалант хийд, Дамбадаржаалин хийд, Эрдэнэ зуу хийд, зэрэг байгууламжуудын орон зайн зохиомжийн архитектур

Нэгд, архитектурын орон зайн зохиомж (композици), барилгуудынх нь үндсэн эзэлхүүн түүний цулын байгууламж элементүүд нь Буддын шашин үйлийн өвөрмөц шинжийг бүрэн агуулсан.
Хоёрт, орон зайн архитектурын өнгө үзэмж, ерөнхий зохиомж нь үүрэг зориулалттаа нийцэж, гадна дотор засал чимэглэл нь үйл ажиллагаандаа зохицсон байна.

      Эдгээр орд харш, шилтгээн, сүм, дуган, хийд, чуулбарын архитектурын цулын байгууламж (техтоник), бараа сүүдэр (силуэт), айзам хэмжээ (пропорц), засал, гоёл чимэглэл нь барилгын уран хийц, гол утгыг илэрхийлж, архитектурынх нь уран сайхны зохиомжийг улам төгөлдөржүүлжээ. Энэ чанараараа уг чимэглэлүүд хэлбэр хэл найруулгын нэмэгдэл хэрэгсэл болж барилгын дүрийг яруу тод, пластик шинжид оруулж овор хэмжээг зориулалтынх нь дагуу тодорхой харагдуулж байна.

Тухайлбал: Монгол гэр сүм дуган, орд харшийн байгууламжуудын өнгө үзэмж, өвөрмөц хийц, хэсэглэл, хээ угалз, тэдгээрийн нарийн зүй тогтол, уран зураг, дүрслэх урлагийн нийллэг шинж нь хүний анхаарлыг татаад зогсохгүй бүр тухайн байгууламж нь чухам юуны зориулалттай болохыг нь хүртэл ойлгогдохуйцаар харагдуулж байна. Иймдээч монгол хүнд үндэсний архитектурын байгууламжаа ажиглан ой ухаандаа тусган, түүний утга агуулга, билэгдэл, уран сайхны шинж төрхийг өөрийн сэтгэхүйдээ ургуулан ойлгох хүмүүжил олгож, архитектурын бараа сүүдэр, гоо сайхны шалгуур, хэлбэр дүрс, хөдөлгөөнийг тодорхой цаг хугацаанд танин мэдэрч, дүгнэлт өгч, улс үндэснийхээ архитектурын эрэмбэ зохирол, гоо сайхан хэрхэн өөрчлөгдөн хөгжиж ирсэн тухай ойлголттой болж байна.

       Монгол үндэсний уран барилга, түүний цулын байгууламж тектоник тогтолцоо нь дараах үндсэн хэлбэрүүдээр хөгжиж иржээ. Үүнд:

Нэгд. Энэтхэг, Хятад, Түвдийн уран барилга органик шинж чанараараа монголын нутаг дэвсгэрт оршин тогтнож байсан.

Хоёрт. Хятад, Түвд, Энэтхэг хэв маягийн төрөл бүрийн дээвэр, хаалга, үүд, өнгө өнгийн пааландсан ваар, шашин үйлийн зураг, сийлбэрийг монгол үндэсний хээ угалз, дүрслэх урлагийн хэрэгсэлтэй уялдуулах замаар монгол шүтээний сүм дуган, хийдийн хийц бүтээцийг хөгжүүлж ирсэн.

Гуравт. Монгол шүтээний сүм, дуган, хийдийн барилга байгууламжуудын хана, туурга, тааз дээврийн хийц, чимэглэлд модон материап ашиглан өвөрмөц зохиомжийг бий болгосон.

Эдгээр барилгуудад "уран зураг, уран сийлбэр, зүмбэр" чухал байр эзэлсэн байна. Мөн хаалга, цонх, багана, дээврийг мод, вааран материалд түшиглэн угсарсан бөгөөд ялангуяа барилгын оройг асар маягийн өвөрмөц бүтээцтэй болгосноороо сонирхолтой монгол архитектур үүсгэжээ.

Монгол улс Манжийн эрхшээлээс гарч, нийгмийн сэргэн мандалт эрчимжиж шашин төрийг хослон барих Богд Жавзандамбаар удирдуулсан шинэ тулгар түр засгийн газраа байгуулж монголын орчин үеийн архитектурын хөгжлийн эхлэлийг тавьсан 1900-1921 он. Энэ үед Богдын засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд барилга, хот суурины архитектурын бүтээн байгуулалт илт идэвхжиж түүнээ газарзүйн хүчин зүйл, барилгын техникийн дэвшил, орон нутгийн барилгын материалын онцлог, ажиллах хүчний тоо чанар, байгаль цаг уурын нөхцөлтэй шууд холбон үзэх болжээ. Ийнхүү феодалын үеийн барилга байгууламжуудын үндсэн төрөл нь хүрээ маягийн суурин, шилтгээн, сүм хийд, цогчин дуган, орд харш байжээ. Тухайлбал:

Нэгд. Монгол улсын нийгэм-улс төр, шашны төв НИЙСЛЭЛ ХҮРЭЭ.

Хоёрт. Цэрэг-нийгэм-улс төр худалдааны Ховд, Улиастай, Эрдэнэ зуу, Хиагт зэрэг "ЦАЙЗ БЭХЛЭЛТ-ХУДАЛДААНЫ ХОТ"

Гуравт. Шашин, нийгэм-улс төр соёлын төв Эрдэнэ зуу, Амарбаясгалант зэрэг хурал номын "СҮМ ХИЙД"

Дөрөвт. Аймаг хошуу нутгийн захиргааны удирдлага, гадаадын худалдаачид, төвлөрсөн Тариатын хүрээ, Бэрээвэн Номон хааны хийд болох "ХҮРЭЭ СУУРИН" зэрэг сүм, дуган, хийдийн монгол архитектуртай суурингууд байжээ. Эдгээр суурингуудад нийт 140 гаруй мянган хүн оршин сууж байв.
      Судалгаанаас үзэхэд Монголчууд сүм хийд, хүрээ суурины байршил архитектурын хэлбэр дүрийг сонгохдоо түүний нүүр талыг өмнө зүгрүү харуулан нарны гэрэлтэх хүч, цаг хугацаа, орон зайн зохиролтой нь уялдуулан тогтоодог байжээ. Ингэснээр сүм хийдийн дотоод орон зайг ер бусын, ялангуяа дотор нь байгаа бурхдын дүрийг өнгөлөг жавхаатай, цог золбоотой болгодог ажээ. Нөгөө талаар гадна хийц хэсэглэлийн зохиомжид нь тусах гэрлийн хэмжээ, гэрлийн эх булаг, бүр тусах замтай нь уялдуулдаг байжээ.

      Иймдээ ч тухайн архитектурын байгууламжийн гаднах бараа сүүдэр, түүний хэлбэр дүрд ашигласан монументаль урлагийн хэрэгслийг нь яруу тод болгож улмаар гэрэл, сүүдэр, өнгө, пластик, хавтгайн гадаргуугийн өнгөлгөөг төгс төгөлдөр харагдуулж байна. Мөн нарны тусгал нь тухайн байгууламжуудын орчныг янз бүрээр харилцан адилгүй гэрэлтүүлэхээр байгаа нь харагдах байдлаараа монгол хүний аж төрөх, ажиллаж хөдөлмөрлөх урам зориг, дур хүслийг төрүүлэхүйц нөлөөтэй байжээ.

       Монголчууд сүм хийд, шилтгээн, эртний хот, суурингуудыг барихдаа геометрийн зарчмаар биш бусад соёл иргэншлүүдийн адилаар органик байдлаар байгалийн жамаар нь хөгжүүлж иржээ. Тухайлбал дээр дурьдсан хүрээ маягийн суурин, шилтгээн, сүм хийд, дуган, орд харшийн барилга байгууламжийг монгол уран зураг, монгол барималтай нэг чуулга болгосон архитектур-монументаль урлагийн нийллэг шинжтэй дүрслэх урлагийн хэрэгсэлийн түвшинд нэгтгэж чимэглэсэн нь тухайн байгууламжийн органик дүр төрхийг улам яруу тод болгон утга агуулга үзэл санааг нь алдагдуулаагүй байна.

      Эдгээр шилтгээн цайз, цогчин дуган зэргийг зонхилон шатаасан тоосго, мод, байгалийн чулуугаар барих, засал чимэглэлд нь өнгө үзэмжтэй төрөл бүрийн чулууг засаж, янзлан найруулгын чиглэл, хэлбэр төрхийг шийдвэрлэж байжээ. Тоосгыг ийнхүү барилгын үндсэн материал болгон ашигладаг. Мөн барилгын дээвэр, ханыг гадна талаас нь байгалийн чулуугаар өнгөлж, гадаад өнгө, гоёл чимэглэлийг орон зайд нь зохицуулан хэрэглэж байсан нь монгол архитектурын дүр төрхийг өөрийн эрхгүй санагдуулж байна.

 

       Мөн тухайн сүм хийдийн барилгын оройг бүрхүүл маягаар барьж барилгын ерөнхий дүр төрхийг хавтгай биш ташуу, шугамын болон тэгш бус, хөнгөн чөлөөтэй орон зайн зохиомжоор  шийдэж байжээ.  Ийм архитектурын байгууламжаас олдсон олдворуудад түүхийн тухайн үед амьдарч байсан хувь хүн, бүлэг хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан ахуйн хэрэгцээний эд юмс, урлагийн бүтээлүүд, материаллаг болон оюуны соёлын баримт олдворууд илэрдэг байна.
Үүнийг манай эртний архитектурын түүх дурсгапт байгууламжууд монгол хүний ёс заншил, буддын шашны уран зураг, уран баримал, шигтгэмэл зураг зэрэг дүрслэх урлагийн ихээхэн үнэ цэнэтэй бүтээлүүдийг өөртөө агуулж байсны баталгаа гэлтэй.

      Богдын засгийн газраас уран барилга, хот сууринг хөгжүүлэхэд авч хэрэгжүүлсэн хэд хэдэн тодорхой арга хэмжээнүүдийн нэг нь Их хүрээний "ГАНДАН ТЭГЧИЛЭН" хийдийн орон зайн орчинд 1911-1913 онд улс орны тусгаар тогтнолын билэгдэл болгон Монгол гэрийн эзэлхүүн төлөвлөлтийн хийцэд тулгуурлан босгосон "МЭГЖИД ЖАНРАЙСАГ сүм юм. Энэ сүм нь Хятад-Түвдийн хийцийн байгууламж бөгөөд Хятад-Түвд уран барилгын хоёр өөр хийц өөрөөр хэлбэл Түвд барилгын сүрлэг том цагаан суурин дээр Хятад суварган оройтой хөнгөн хээнцэр модон дээвэр хийсэн архитектуртай сүмийн төлөөлөл юм. Сүмийн архитектур, уран сайхны хэлбэр дүрс, зохиомжийн даац нь бүхэл бүтэн зууны туршид шинэчлэн байгуулагдаж ирсэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэр орон зайн системд тогтвортой хадгалагдан үлдэж өнөөдрийг хүртэл үндэсний архитектурын идэвхтэй үүрэг гүйцэтгэсээр байна. Үүнийг XX зууны эхэн үеэс Монгол хүний архитектур - хот байгуулалтын сэтгэлгээний хөгжилд хоногшиж үлдсэн том амжилт гэж үзэх учиртай. Жанрайсэг сүмийн архитектур зохиомжийн эзэлхүүн, тэгш хэмнэл, харьцаа, гэрлийн тусгал, өнгө туяаны ялгарамж зэрэг нь түүний дүрслэлийн утга, үзэгдэх имиджийг тод томруун харагдуулж байна. Сүмийн архитектур, овор хэмжээний харьцаа нь барилгын бие хэсгийг тэгш сайхан болгож их биеийнх нь төгсгөлгүй үргэлжлэн давтагдах хөдөлгөөнийг үүсгэхийн хамт хөдөлбөргүй бат тогтвортой суурьшлыг бий болгож гоо сайхны зохист чанарыг бүрдүүлжээ. Сүмийн архитектурыг нь ер бусын чөлөөтэй, хөдлөлтэй болгож орчных нь орон зай, байгаль орчинтой нь уялдуулах боломжийг үүсгэжээ. Энэ утгаараа ерөнхий зохиомжийн хэмнэг /ритм/, тэгш хэмийн найруулга нь улам бодлиг, хүний сэтгэл татахуйц болсон монгол архитектурын онцлог гэлтэй.

       Да хүрээнээс уламжлагдан үлдсэн Гандантэгчилэн хийд, Гэсэр сүм, Чойжин ламын сүм, хийд, Богд хааны ордон музейн цогцолбор, Эрдэнэ зуу хийд, Амарбаясгалант хийд, Дамбадаржаалин хийдийн архитектурын бүтээлүүд нь орон зайн байгууламж юм. Энэхүү цогцолборыг бүрдүүлж буй сүм, дуган, цэцэрлэг, ногоон байгууламж уг орон зайг зохион байгуулахад идэвхтэй оролцож буй хөшөө, дурсгалын барилга байгууламжууд, элементүүдийн тогтолцоо нь сайтар зохион байгуулагдсан нээлттэй орон зайн архитектурын нэгдсэн чуулбар ансамблийг үүсгэжээ. Эдгээр сүм хийдийн зохиомж нь монументаль урлаг, тухайн байгууламжийн уран сайхны нэгдэл бие биедээ харилцан үйлчлэх хэлбэрээр тодорхой цаг хугацаанд бүрэлдэн тогтсон орон зайн архитектурын нэгдсэн чуулбар (ансамбль) юм.

   Харин уг чуулбарыг үүсгэж буй шилтгээн, сүм, хийдүүдийн тухайд орон зайн архитектур гэдэг нь зөвхөн тусгайд нь ганц нэгээр барьж босгосон барилга байгууламж бус бүхэл бүтэн хот суурин түүний гудамж талбай, цэцэрлэг, соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламж, усан оргилуур, гүүр, зам гарц, баримал, хөшөө дурсгалаас бүрдсэн барилга байгууламжуудын иж бүрэн нэгдэл болно. Сүм хийдийн барилгуудын хоорондын харьцааг ПИФАГОРЫН зохицлын онолоор тооцоолон төлөвлөсөн нь судалгаанаас харагдаж байна. Эдгээр сүм хийд, шилтгээний гудамж талбайд байрласан орон зайн байгууламж дундаас тод томруун үзэгдэх Мэгжид Жанрайсаг сүм, Богдын ордон музей нь буддын бурхан шашны агуу ихийг ойлгосон үеийн хүний ухамсрын хүрээнд зохицон баригдсан архитектуртай байгууламжууд юм. Иймдээ ч барилга байгууламжуудын эх биеийн хийц, бүтээц түүнийг чимэглэн өнгөлж, гадна дотор орон зайг тансаг, гоёмсог болгосон байдал нь Бароккын хэв маягийн уран барилгын архитектурыг өөрийн эрхгүй санагдуулж байна.

      Сүм хийдүүдийн орон зайн архитектурын гол дүрслэх хэрэгсэл нь тухайн барилга байгууламжийн тэгш хэмийн зарчмыг баримтласан архитектурын цар хэмжээ, ерөнхий эзэлхүүн, түүний цулын байгууламжийн хэлбэр тогтолцоо нь болж байна. Архитектурын эдгээр байгууламж, цогцолборын хэмжээ, эзэлхүүн зэрэг нь уг дүрслэлийг харах цэгээс хамаарч бараа сүүдэр нь хэрхэн өөрчлөгдөхийг тусгасан өөрийн онцлог хэллэгтэй байжээ. Иймдээ ч үүнийг архитектурын пластик дүр хэлбэрийг илтгэсэн уран зургийн хэллэг, өнгө гэрэл сүүдрийн ялгарлыг чадмаг ашиглаж зохицуулсан архитектурын шийдэл гэлтэй.

      Хар хорин хийд, Тариатын хүрээ, Амарбаясгалант хийд, Богд хааны ордон музейн барилга байгууламжийн хана туурга, тааз, шалан дахь болсон үйл явдлыг илтгэсэн бодит зураг, чулуун шигтгэмэл, өнгийн шилэн зүймэл, хөшөө дурсгал, хавтгайд товойлгож /горельф, рельеф маягаар/ хийсэн баримапууд бүхий дотоод уран сайхны шийдэл нь гадаад хэв шинжтэйгээ яв цав зохицож харилцан бие биенээ тэтгэж хоорондоо уялдсан байгаагаас гадна хэлбэр, утга санаа, үүрэг зориулалтандаа тохирч онцлог байдлаа агуулсан эрт үеэс архитектур дүрслэх урлаг, уран баримал хоорондоо эгч дүүс гэж үздэг уламжлалыг нь баталсан архитектурын иж бүрэн цогцолбор зөв шийдэл болсон байна.

Энэ үеийн монголын нутаг дэвсгэр, зохион байгуулалт, хотын архитектур орон зайн шийдлийн онцлог нь:

Нэгд. Хүний биеийн хэмжээнд зохицсон адилхан сүм, дуган, гэр, зам талбай зэрэг жижиг элементүүдээс тогтсон архитектуртай бие даасан тус тусдаа хашаанууд

Хоёрт: Налайхын нүүрсний уурхай, тоосго цохих газар, хэвлэх үйлдвэр зэрэг 300 гаруй жижиг үйлдвэр үйлчилгээний ердийн дөрвөлжин архитектуртай барилга байгууламжууд бүхий суурьшлийн бүсүүдтэй байжээ.

     Энэ үед монгол улс Засагтхан, Сайн ноёнхан, Түшээтхан, зэрэг 6 аймаг, 2 хязгаартай Засагтхаан, Сайн ноёнхан, зэрэг 4 аймаг 2 хязгаартай өрөгрөгийн дагуу говь, цөл, тал хээр, хангай уулархаг муж мөнх цэвдэг хөрсний тархалт зэрэг өвөрмөц тогтоцтой нь уялдаж эдийн засгийн болон үйлдвэрлэх хүчний онцлогт нь зохицсон засаг захиргаа нутаг дэвсгэрийн тогтолцоотой байв.
Энэ үеийн хот суурин, сүм хийд, барилга байгууламж барихтай уялдан баримтлах соёлын үндсэн чухал элемент нь Буддын шашин байсан юм. Тэр үеийн хүн амын нутагшил, суурьшилууд шашны ёс зүйтэй уялдаатай үүсч байжээ. Өөрөөр хэлбэл энэ үеийн хот суурины архитектурын нийгмийн онолын үндэс нь Буддын шашин байлаа.

        Эдгээр сүм, хийд, орд харш, шилтгээний барилга нь үзэсгэлэн төгөлдөр цэцгийн цоморлиг лугаа хэлбэр дүрсийг санагдуулам гоёмсог толгойтой өөдөө нарийсан тэмүүлсэн босоо ховил бүхий сүрлэг баганууд болон барималын дүрстэй нийлэг шинжийг агуулж, уран барилгын өвөрмөц найруулгыг бий болгосон гоёмсог бүтээц бүхий хана, туургатай байжээ. Эдгээр айзам хэмнэгийг чимэглэсэн хийц хэсэглэлүүдийг архитектурын уран сайхны түвшинд шийджээ. Харин эдгээр сүм хийдийн барилга нь өөрөө бөх бат бүтээцийн шинж чанартайгаас гадна хотын орон зайд гоёл чимэглэлийн монументаль үүргийг давхар гүйцэтгэж байжээ.

         Барилга байгууламжууд нь тулгар дам нуруун бүтээцтэй дам нурууны гадаад байдал, махбодийг хүний сэтгэл зүйд нөлөөлөхүйц харилцан адилгүй олон хувилбарт хатуу тогтсон айзам хэмнэгтэйгээр урлан бүтээж байжээ. Барилгын гадна, дотор засал, гоёл чимэглэлд хэрэглэх материалыг байгалийн чанараар нь биш түүнийг өнгөлж будаж, өнгө бүрийн паалан гүйлгэж сүрлэг үзэмжтэй болгон ашигладаг байсан байна.

        Хятадын ялангуяа эртний Энэтхэгийн гаралтай Хятадын буддын уран барилга Монголын мөргөл тахилгын болон орон сууцны барилгад мэдэгдэхүйц ул мөрөө үлдээсэн байдаг. Гэхдээ эдгээрийн дотроос хятадын буддын архитектуртай уран барилгын уламжлал хийц маяг зонхилж байв. Хятад хийцтэй сүм дуганыг барихдаа дээврийн архитектурыг уран гоёор хийхийг ихэд эрхэмлэдэг байжээ. Үндсэн барилгын оройн хэсэг болох дээвэр нь унжуулж сунгасан гурвалжин дөрвөлжин буюу олон өнцөгт хэлбэрийн хээ угалзтай байв.

      Иймэрхүү дээвэртэй сүм нь угаасаа эртний Энэтхэгийн суварганы хэлбэрээс үүдэлтэй учир Энэтхэг, Хятадын буддын холимог хийцтэй барилга гэж үздэг. Зарим томоохон сүм хийд, шилтгээний гол хаалгыг олон давхар асран дээвэртэй хийдэг байсан нь архитектурыг их сүрлэг үзэсгэлэнтэй болгодог байжээ. Дээврийг гоёхдоо өнгө өнгийн пааландсан ваараар бүрхдэг байв. Мөн барилгын гадаад ханын дээд ирмэг, хүрээг өнгө өнгийн зураг, сийлбэрээр хүрээлүүлэн гоёж чимдэг байсан байна.

      Монгол дахь Хятадын буддын уран барилгын дурсгалууд гэвэл Амарбаясгалант хийдийн цогчин дуган /1728-1735/, Чойжин ламын сүм /1903-1906/ зэргийг нэрлэж болно. Түвдийн уран барилгын нөлөөгөөр Монголд XVII зууны дунд үеэс хоёр гурван давхар барилга баригдах болжээ. Түвд барилга нилээд онцлог хийц архитектурын төрхтэй, тэр нь зонхилон тэг дөрвөлжин хэлбэртэй бөгөөд түвд барилгын нүүр тал нь энгийн боловч их сүрлэг үзэсгэлэнтэй, ханыг нь голдуу цагаан өнгөтэй хийж байжээ. Түвд барилгыг ихэвчлэн чулуу, тоосгоор барьдаг байв. Монгол, Түвд уран барилгын сонирхолтой дурсгалууд бол Бэрээвэн хийдийн их дуган, 1654 онд барьсан, Эрдэнэзуу лаврин, Манзушир хийдийн гол сүм, Заяын хүрээний Гүшиг дацан зэрэг болно.

      Монголын уран барилгад Хятад, Түвдийн буддын уран барилгын уламжлалыг нэвтрүүлэх үүднээс Монгол-Хятад, Хятад-Түвд, Монгол-Түвд холимог хийцтэй барилгууд ихээр баригдах болжээ. Холимог хийцтэй ийм барилгууд нь Монголын уран барилгын архитектурт өвөрмөц шинэ маягийг бий болгосон байдаг. Монгол-Хятад барилгыг анх барихдаа дээд талыг нь хятад доод талыг нь монгол маягаар хийж байжээ. Монгол гэрээс үүдэлтэй дөрвөлжин барилгын дээр гонх хэмээх хятад оройг паалангаар бүрхэж орон нутагт ихээр барьдаг байжээ.

      Монгол-Хятад барилгын хийц, маяг хоорондоо улам бүр хольцолдон нийлж монгол уран барилгын архитектурын шинэ хэлбэр зохиомжийг буй болгов. Монгол-Хятад хийцийн сүм дуган Хүрээ хийдүүдэд олон байсны дотроос Хүрээний хэд хэдэн аймгийн дуган, Дэчин галавын сүм, одоогийн Гандан хийдийн гурван суваргын сүм зэрэг нилээд өвөрмөц хийцтэй барилгуудыг онцлон дурьдаж болно.

Монгол-Түвд хийцийн барилга Монголд төдий л олон байгаагүй боловч тэр нь Монголын уран барилгад нэг ёсны өвөрмөц сонирхолтой архитектурыг буй болгосон юм. Монгол-Түвд барилга архитектур, зохиомж бүтээцийн хувьд Түвд-Хятад барилгаас огт өөр. Түвд-Хятад барилгын эрс тэс ялгаа нь түүний гол шинж нь байдаг бол харин Монгол-Түвд маягийн барилгын архитектур, зохиомж, бүтээц нь их нийлэмжтэй өөр хоорондоо уялдан зохицсон утга төгөлдөр байжээ. Сүмүүдийн гэр маягийн орой нь уул барилгын дээд талын түвд хэсэгтэй яв цав нийлж, улмаар уран барилгын бүхэл бүтэн, гүйцэт төгс архитектурыг бий болгож байв.

Монгол-Түвд барилгын нэг том төлөөлөл бол Хүрээнд байсан сүрлэг гоёмсог хийцтэй Майдарын сүм /анх 1834 онд барьсан/ байжээ. Наян тохой өндөр Майдар бурханд зориулан барьсан энэ сүм хүрээний хамгийн өвөрмөц хийц архитектуртай, хамгийн сүрлэг том барилга байсан юм. Харамсалтай нь түүнийг 1937 онд оргүй болтол нь нураан устгажээ.

Монголд барьдаг Хятад, Түвд гэсэн уран барилгын хоёр өөр хийц нь Монгол-Хятад барилга шиг хоорондоо хольцолдон нийлдэггүй, барилгын дээд, доод хоёр үндсэн хэсэгтээ тус тусдаа биеэ даан ордог байв. Гэвч Түвд барилгын доод хэсэг дээр хятад дээврэн орой босгохдоо барилгын үндсэн хэсгүүдийг аль болохоор архитектурын нэг агуулгатай болгож байжээ. Монголын уран барилгын түүхэнд эртний Энэтхэгийн ступа гэдэг бурхны өвөрмөц барилгын үлгэр загвараар барьж байсан архитектуртай суварг ихээхэн сонирхолтой орон зайн архитектур үүсгэдэг байв. Жишээ нь: Эрдэнэ зуу дахь Бодь суварга /1799 онд босгосон/, мөнхүү хийдийн 92 цагаан суварга, Их тамирын суварга зэргийг энд дурьдаж болно.

    Монголын уран барилга хөгжлийнхөө явцад түвд, хятадынхаас ялгаатай өөрийн гэсэн үндэсний өвөрмөц сүрлэг хийц, шинж төрхтэй архитектур буй болгожээ. Буддын шашин ноёрхож байсан үеийн монголын уран барилга нь XIX зууны эхэнд гаднаас органик шинжээрээ орж ирсэн сүрлэг том барилгаас гадна монголын Буддын шашин шүтлэг, нүүдлийн аж ахуй, зан үйлийн уламжлалтай гэрийн хэлбэр дээр суурилсан мөргөл тахилгын архитектур хийцтэй барилга байжээ.
 


Академич, Монгол Улсын Зөвлөх Архитектор Д.Хайсамбуу

2015-09-21
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 20
  • Сүүлийн 7 хоногт: 438
  • Энэ сард: 1397
  • Нийт: 66927

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC