Хот төлөвлөлтийг сайжруулахад архитектурын тухай хууль зайлшгүй шаардлагатай

         Аливаа улс орны хөгжил, соёл, ард түмний нь амьдралын түвшин  тухайн орны  хот байгуулалт, архитектурт тусгалаа олж байдаг. Хот байгуулалт, архитектурын бүтээн байгуулалтын энэхүү нүсэр ажил нь эхлээд архитекторын удирдсан багийн боловсруулсан улс орны хэмжээнд байгалийн баялагыг ашиглах, үйлдвэрлэх хүчний хөгжил байршлыг тогтоож улмаар муж төлөвлөлт, хүн амын нутагшил суурьшлын схемийг зохиож, түүний үндсэн дээр үйлдвэр-хөдөө аж ахуйн цогцолбор, хот, сууринг байгуулах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулагдаж, нийгмийн бүх салбарын оролцоо, хөгжлийг нэгтгэн зангидаж, түүнд шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ, хэрхэн үр ашиг, хэмнэлттэй зарцуулах үндэс суурь тавигдаж төр, нийгэм, хувь хүн, хуулийн этгээдийн архитектурын үйл ажиллагаа явуулах эрх ашиг, сонирхлыг уялдуулсны үндсэн дээр хэрэгжиж байдаг юм.

          Иймээс архитектурын бүтээн байгуулалт, архитекторуудын үйл ажиллагаа нь аль ч орны төр, засгийн анхааралд байнга байж, зохих бодлого, дэмжлэгтэйгээр   хэрэгжиж байдаг. Тухайлбал, ХБНГУ, Япон, БНСУ, ОХУ, Казахстан зэрэг олон оронд архитектурын бүтээн байгуулалт болон түүний үйл ажиллагааг зохион байгуулагч байгууллага, архитекторуудын үйл ажиллагааг Архитектурын тухай хуулиар, харин БНТУ Үндсэн хуулиараа зохицуулдаг бол нилээд олон оронд Архитекторуудын эвлэл нь төсвөөс санхүүжиж, Засгийн газрын агентлагийн эрх хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.

        Гэтэл манай оронд дээрхи зохицуулалт байхгүйгээс архитектурын бүтээлийн зураг төслийг боловсруулах, барьж байгуулах, ашиглалтад хүлээн  авах хүртлэх үйл ажиллагаанд оролцогч байгууллага, хүмүүсийн эрх, үүрэг, хариуцлагыг эрх зүйн хүрээнд нарийн зохицуулаагүй, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийнхээ санаа бодлыг сонсдоггүй зэрэг шалтгаанаас Монгол орны архитектур, хот байгуулалтад засч залруулахад нэн төвөгтэй олон асуудал үүсээд байна. Ялангуяа нийслэл Улаанбаатар хотод болон аймгийн төвүүдэд барилгажилтын ажил  батлагдсан ерөнхий төлөвлөгөөг баримтлахгүй, мөнгө хүүлэгчдийн сонирхлын дагуу явагдсанаас  хот байгуулалтын дүрэм журмыг ноцтой зөрчиж, газар хөдлөлт, гал түймэр, үер зэрэг байгалийн болзошгүй аюул тулгарахад хүн амыг шуурхай аврах боломжгүй болоод  байна. Энэ явцад цэцэрлэгжүүлсэн талбай, ногоон байгууламжуудыг хайр гамгүй устгаж барилгажуулсанаар нэг хүнд ноогдох ногоон байгууламж 12м2 байсан нь одоо 5м2 болж буурсан,  барилга барихдаа орчных нь газрыг ухчихаад орхидог болон сул шороог энд тэндгүй овоолоод хаяаад эргүүлж байгалийн унаган төрхөд нь оруулж шороо хийсэхгүй болгож хамгаалахгүй байгаагаас Улаанбаатар хот энд тэндгүй овоолсон шороогоор дүүрч, улаан шороонд булагдах эх үүсвэр болж байна. Үүний тод жишээнд Тасганы овоо орчим, Их тэнгэр явдаг Олимпийн гудамж орно. Орон сууцны нэг, хоёрдугаар давхрыг тодорхой бодлогогүйгээр хавтгайруулан үйлчилгээний газар болгосноос хотын өнгө төрх алдагдаж, алхам тутамд архи, пивоны газар болж, тохилог орон сууцны тоо улам цөөрч, тэнд амьдрагчид нь гэрт, галладаг байшинд шилжин амьдрах болсон, нийслэлийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталж, түүндээ хяналт тавиагүйгээс салхины дээр  гэр хороололын эмх замбараагүй бөөгнөрөл үүссэний уршгаар хот улаан шороо болон хорт утаанд бүрхэгдэн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрэв.

         Мөн сүүлийн жилүүдэд  хот байгуулалтыг мэргэжлийн хүмүүс биш, сайн дурын уран сайханчид хүчээр удирдаж, зөвхөн мөнгө олох зорилгоор хотын ерөнхий өнгө төрх, цаг уурын нөхцөлд  нийцээгүй элдэв маягийн контор, зочид буудал, орон сууцны барилгыг цэцэрлэг, сургууль, эмнэлэг, бусад үйлчилгээний барилгагүйгээр хэт бөөгнөрүүлэн барьснаас үүдэн тэнд оршин суугчдад нийгмийн үйлчилгээ дутагдаж, ихээхэн хүндрэл, чирэгдэл үүсэж, мөн л хот байгуулалтын зарчим алдагдсаар  байна. Мөн манай улсын хот, төв суурин газар ялангуяа Улаанбаатарын  түүхэн өнгө төрхийг үе дамжин илэрхийлэх хотын төвийн хэсэг болон архитектурын дурсгалыг хамгаалах, сэргээх ажил бараг хийгдэхгүй атлаа сүүлийн үед баригдсан ч гэсэн архитектурын дурсгалд хамрагдах олон барилгыг нэмж устгаж байна. Тухайлбал, Улаанбаатар хотод баригдсан Элчин сайдын яамны зориулалттай цогцолбор барилга, 4-р  сургууль, 1-р төрөхийн  барилга зэрэг анхны дурсгалт тоосгон барилгуудыг 2010 онд устгалаа. Одоо АПУ ХК–ийнхан Богд хааны музейн газрыг хойд талаас нь алхам алхмаар эзэлж, “Баясах трэйд”-ийнхэн Богд хааны зуны ордонг нураахаар зэхчихээд байна. Энэ аян цааш үргэлжлэх замаа засч эхэллээ. Нийслэлийн барилгажилтын түүх болон үүрд хадгалагдах учиртай хотын цөм, Бага тойруугийн доторхи болон Энх тайваны өргөн чөлөөний дагуух архитектурын бүтээлүүдийг хуулиар хамгаалан,  одоо байгаа өнгө төрхөөр нь үүрд хадгалан үлдээх ёстой атал газар хөдлөлтөд нурна гэж олон нийтийг айлган цочроож, тэдгээрийг нурааж, архитектур, хотынхоо ирээдүйн төлөө биш өнөөдрийн мөнгө хүүлэгчдийн төлөө элдэв барилга барих аян, арга заль уралдаад эхлэчихсэн байна. 

       Урд зүг рүүгээ нээлттэй, байгальтайгаа шууд холбогддог Монголын хот төлөвлөлтийн гайхамшигт шийдлийг тусган төлөвлөсөн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг эвдэн Сүхбаатарын талбайн өмнө барьсан “Blue  sky” гэх барилга болон уг талбайг тойрсон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хар шилэн барилга (цаашид одоогийн тоосгон барилгаа нурааж, дөрвөн давхар шилэн барилга барих зурагтай), Төрийн ордонг эвдэж, түүхийн музей болгосон өргөтгөл, “Сentral  tower” гэх талбай орчмын хуучин барилгуудтайгаа хэмжээ, материал, төлөвлөлтөөрөө зохицоогүй, манай орны цаг уурын нөхцөлд тохирохгүй, хэн ч сонирхохгүй, энд тэндхийн архитектурын бүтэээлээс хуулбарлан элдэв юм барьж Улаанбаатар хотын төвийн өнгө төрхийг алдагдуулсаар байна. Хот байгуулалтанд гарч буй энэ замбараагүй, зуу зуун жилээр хор хөнөөл нь арилахгүй үйл ажиллагаа цэцэглэж байгаа нь манай улсад Архитектурын тухай хууль байхгүй, архитектур, хот байгуулалтын ажлыг гардан зохион байгуулагч байгууллагуудын эрх, үүргийг дээрхи хуулиар тодорхойлон зааж, түүний дагуу ажиллуулахгүй, эрх мэдэлтний дур санаагаар явж буйтай холбоотой юм.

       Өнөөдөр дэлхийн аль ч оронд тухайн орны архитектур, хот байгуулалтын ажлыг дөрвөн байгууллага гардан явуулдаг тогтсон журамтай.  Үүнд:

Улсын хэмжээнд хот байгуулалт, архитектурын эрдэм шинжилгээ, судалгаа, онол, шүүмж, туршилтын ажил эрхэлж, архитектор, зураг төсөл зохиогчдийг шинжлэх ухааны шинэ ололтоор цэнэглэж, норм, норматив боловсруулах ажлыг эрхэлж байдаг Архитектурын академи   

2. Улсын  хэмжээнд болон бүс нутагт байгалийн баялгийг ашиглах, үйлдвэрлэх хүчний хөгжил байршил, муж төлөвлөлт, хүн амын нутагшил суурьшлын схем зохиож тэнд архитектурын байгууламж, хот, тосгон барьж байгуулах техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, Монгол Улсын хот байгуулалт, архитектурын хөгжлийг тодорхойлох, түүний хэрэгжилтэнд үнэлэлт, дүгнэлт өгөх, тэдгээрийг барьж байгуулах зураг төслийг боловсруулах ажилд архитекторуудын оюун санаа, уран бүтээлийг нэгтгэн чиглүүлэх, улмаар улс орныг хөгжүүлэх талаар төр, засгаас гаргах бодлого, шийдвэрийн үндэслэл, санааг бэлтгэхэд төр, засгийн байгууллагуудад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, архитекторуудыг сургах, давтан сургах, мэргэшүүлэх хэрэгцээ, чиглэлийг гаргаж ажиллах, уран бүтээлийнх нь ур чадварыг дээшлүүлэх,   архитектурын шилдэг бүтээл бий болгох зорилгоор дотооддоо болон олон улсын хүрээнд уралдаан зарлаж дүгнэх, семинар, хурал, үзэсгэлэн зохион байгуулах,   аймаг, хотын ерөнхий архитекторууд, зураг төслийн байгууллагуудыг орчин үеийн хот байгуулалт, архитектурын хөгжлийн чиг хандлага, ололт амжилтын талаархи мэдээллээр болон мэргэжлийн удирдлагаар хангах, хот байгуулалт, архитектурын бүтээлийн ололт амжилтыг нь дүгнэх, бүс нутгийн болон олон улсын архитекторуудын эвлэлийн үйл ажиллагаанд оролцох, өөрийн орны архитектур, хот байгуулалтыг гадаад орнуудад сурталчлах зэрэг ажлыг зохион байгуулах эрх, үүрэгтэй нийгэмд үйлчилдэг  уран бүтээлийн  байгууллага Архитекторуудын эвлэл

3. Тухайн аймаг, нийслэл, хотын хэмжээнд  архитектур, хот байгуулалтын ажлыг зангидан гардан зохион байгуулах эрх, үүрэгтэй ерөнхий архитектороор  удирдуулсан  Архитектур төлөвлөлтийн газар

4. Хот, суурин, барилга байгууламж, архитектурын дурсгалыг шинээр барих, шинэчлэн өргөтгөх, техникийн шинэчилэл хийх, засах зураг төслийг иж бүрнээр нь буюу  хэсэгчилэн боловсруулдаг зураг төслийн байгууллагууд эдгээр  болно.

      Манай оронд улс орны хөгжлийн судсыг атгаж буй дээрхи байгууллагуудын  үүрэг, ролийг сүүлийн жилүүдэд орхигдуулж, бараг мартаж, тараан бутаргаж, газрын албаны хот байгуулалтын шийдвэрийг зургаар баталгаажуулдаг үүргийг нь газрыг наймаалж, мөнгө олох алба болгосноор ерөнхий төлөвлөгөө зөрчигдөж, хот байгуулалт, архитектурын асуудлыг   хэн дуртай нь шийдчихдэг, хийчихдэг гэсэн маш буруу ойлголт газар авч, хот, суурингийн барилгажилт замбараагаа алдаж, маш их хөрөнгийг үргүй зарцуулж байна.

Манай улсад Архитектурын академийн талаар өнөөг хүртэл ямар ч ойлголтгүй, бодож төлөвлөсөн зүйлгүй, нутаг дэвсгэрийнх нь 70 гаруй хувь нь мөнх цэвдэг, суумтгай, овоомтгой  хөрстэй, 62 орчим хувь нь газар хөдлөлтийн бүсэд оршдог зэрэг барилга, байгууламж барихад маш хүнд нөхцөлтэй учир өөрийн орны байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон зураг төсөл зохиох норм дүрэм боловсруулах зайлшгүй шаардлагатай байна. Ингэснээр барилга байгууламжийн төсөвт өртгийг хямдруулах, үргүй зардлыг багасгах боломжтой болох юм. Үндэсний нормоо боловсруулахын оронд одоо хэрэглэж байгаа ОХУ-ын нормоо Канадын нормоор сольчихвол болох  аястай хоосон ярианаас даруй салж үндэсний нормоо  боловсруулъя. 

        Монголын архитекторуудын эвлэл нь 55 жилийн түүхтэй, Олон улсын архитекторуудын холбоо, Олон улсын эмэгтэй архитекторуудын холбоо, Азийн орнуудын архитекторуудын холбооны гишүүн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй манай улсын ууган төрийн бус мэрэгжлийн байгууллагын нэг юм. Сүүлийн жилүүдэд нийгэмд үйлчилдэг уг байгууллагын хийх ёстой ажлыг ямарч хяналт зохицуулалтгүй хогийн ургамал лугаа энд тэндгүй үүсч буй төрийн бус байгууллага гэх мэргэжлийн бус байгууллагууд шүүрч авах болсныг анхаарах цаг болсон байна.    

Аль ч улс орны нийслэл болон хотын хот байгуулалтын албыг Засаг даргын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий архитектор удирдаж, архитектор-инженерүүдээс бүрдсэн хот төлөвлөлтын газар хэлтэс, захиалагчийн алба, мэдээллийн төв, газрын алба, геодезийн албанаас бүрдсэн цогц үйл ажиллагаа явуулж байдаг. Гэтэл манай оронд дээрхи сонгомол бүтэцтэй албыг нэг сайд, нэг засаг дарга өөрчлөгдөхөд л  түүний таалалаар өөрчилдөг, олон байгууллага болгодгоос, ялангуяа “газрын наймаа”-г цэцэглүүлэх үүднээс газрын албыг ерөнхий архитекторын удирдлагаас салгаж бие даалгаснаас одоо газрын албаныхан л бүх зүйлийг шийддэг гэсэн маш буруу ойлголт газар авч, шат дамжлага олширч, орон тоо өсч, хүнд суртал, хахуул гаарч, батлагдсан ерөнхий төлөвлөгөөг үл хайхран газар олгох явдал хот, хөдөөгүй цадигаа алдаж, хот байгуулалтын зарчим алдагдаж, хортой үр дагаварыг дагуулж байна. Монгол улсын Хот байгуулалтын тухай хуулийн 9.1.2-д “аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг тухайн аймаг, хотын Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилохоор заасан тул ерөнхий архитектор нь мэргэжлийн удирдлагагүй болж, хот төлөвлөж, архитектурыг хөгжүүлэхээсээ илүүтэй аймаг, хотын Засаг дарга, эрх тушаалтны хувийн сонирхолд нийцүүлсэн даалгавар биелүүлэгч болон хувирсан,  архитектурын мэргэжилгүй хүмүүсийг ерөнхий архитектороор томилох нь газар авч байна. Дээрхи хуулийн “9.1.3-д ерөнхий архитектороор удирдуулсан Хот байгуулалт, барилга захиалагчийн албыг байгуулах” гэсэн хуулийн заалт байхад одоо уг албыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болгон өөрчилж, газрын харилцааны мэргэжилтэй хүн ерөнхий архитекторыг удирдан ажилладаг болгож, буруу замаар будилаанаа тарьж явна.

        Архитектур, хот байгуулалтын салбарт төлөвлөсөн хөрөнгө оруулалтын үр ашиг нь зураг төслийн шийдлээс шууд хамаардаг. Ийм учраас аль ч улс оронд зураг төслийн байгууллага, зургийн шийдэлд онцгой анхаарал тавьдаг. Зураг төслийн байгууллага нь ерөнхий төлөвлөгөө, орон сууц, зочид буудлын гэх мэтээр төрөлжин мэргэшсэн, иж бүрэн зураг, төсөв  зохиох бүтэц, бүрэлдэхүүнтэй байдаг. Хамгийн энгийн төлөвлөлттэй дан орон сууцны барилгын зураг зохиоход л 11 мэргэжлийн хүн оролцдогоос үзэхэд зураг төсөл зохиох ажил ямар онцлогтой, нарийн чимхлүүр ажил болох нь ойлгогдоно. Гэтэл сүүлийн жилүүдэд манай оронд зураг төсөл боловсруулалтын ажил эмх замбараагаа алдаж, бараг нэг хүнтэй компани  байгуулагдан, зураг төсөл боловсруулах ажлыг ор нэр болгож байгаа тохиолдол элбэг байна. Үүнээс улбаалан зургийн байгууллагад ажиллаж зураг төслийн шийдэл, чанарыг сайжруулах, алдааг арилгах үүрэгтэй техникийн зөвлөл, хоёр дахь инженерийн шалгалт зэрэг ажилбарууд хийгдэхээ больж, бараг ганц хүний санаагаар бүх зүйл хялбарчлан явагддаг болсон нь мөн л манай архитектур, хот байгуулалтын салбарт гарсан алдааны нэг, мөн л зохих хуулийн зохицуулалт байхгүйтэй холбоотой юмаа. Зураг төслийн байгууллагынхаа үйл ажиллагааг хуулиар зохицуулаагүй атлаа Барилгын тухай хуулийн 13.2-т ...”эсхүл газар хөдлөлтийн 6-аас дээш баллын бүсэд баригдах барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал заавал хийлгэнэ” гэсэн нь зураг төсөл зохиогчдын эрхийг хязгаарласан, хариуцлагаас хөндийрүүлсэн, зураг төсөл бэлэн болгох хугацааг олон сараар хойш татсан, цаг хугацаа алдуулсан буруу заалт болсон зэрэг уялдаа, авцалдаагүй зүйл олон байна. Манай оронд зураг төслийг хянадаг, шалгадаг олон шат дамжилгад найдан зураг төслийн  байгууллагууд дотоод хяналт шалгалтаа орхигдуулж, бүрдэл дутуу зураг төсөл боловсруулах ажлаа  хялбарчилдаг болоод байна. Зураг, төсвөөр дамжуулан улсын төсвийн болон хувийн хэвшлийнхний мөнгө хөрөнгийг хэмнэх бодлого явагдах ёстой. Гэтэл өнөөдөр төсвийг баримтлан үйл ажиллагаа явуулахгүй, хянаж шалгахгүй байгаагаа зах зээл гэдэг нэрээр халхавчлан барилгын материал, машин механизм, угсралтын ажлын үнийг хэн дуртай нь өсгөж үржүүлж байгаагаас барилгын төсөвт өртөг тэдгээрийн амаар тэнгэрт хадаж, бодит байдлаас хэт өндөр болж байна. Зураг төслийн байгууллага ч мэргэжил, мэргэжлээрээ салж бутраад иж бүрэн зураг боловсруулдаг нь ганц, хоёрхон бусад нь зөвхөн мэргэжлийн чиглэлийн зураг хийж байгаагаас зургийн чанар хангалтгүй, хугацаа их алддаг, улмаар архитектурын шаардлага хангасан бүтээл төдийлөн гарч чадахгүй бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй “сэхээнд” байгаатай зүйрлэмээр болсон байна.

       Улсын хэмжээний хөрөнгө оруулалтыг зураг төслөөр дамжуулан зангидаж байдаг архитектур, архитекторын бүтээл туурвил төр, засгийн анхаарлын гадна орхигдсоноос монгол орны байгаль, цаг уурын онцлогт тохирсон норм, норматив боловсруулах, туршилтын барилга, байгууламж барих, Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргах архитектурын шилдэг бүтээл бий болгох олон улсын уралдаант шалгаруулалт явуулах зэрэг онц чухал ажилд төвлөрсөн төсвөөс хөрөнгө гаргахгүй өнөөдөр “хэмнэж” байгаа нь цаагуураа барилгын төсөвт өртгийг хямдруулах, улмаар хөрөнгө оруулалтыг  үр өгөөжтэй  зарцуулах үндэс суурь тавигдахгүй байна.

       Үүний зэрэгцээ захиалагч, хөрөнгө оруулагч, аймаг, хотын архитектурын алба, архитекторуудын сургалтанд даруй засууштай олон асуудал бөөгнөрөөд байна. Захиалагч, хөрөнгө оруулагчид архитектурын шилдэг бүтээл бий болгохын тулд  мэргэжлийн байгууллагатай хамтран уралдаант шалгаруулалт зарлаж, хамгийн хямдыг бус, хамгийн шилдэг шийдэлтэй архитектурын бүтээлийг шилж сонгоод барьж байгуулдаг журамтай. Гэтэл өнөөдөр манай захиалагч, хөрөнгө оруулагч нар мэргэжлийн байгууллагын оролцоогүйгээр уралдаант шалгаруулалтын оронд “тендер” хэмээх  хамгийн хямд бүтээлийг сонгож, өөрийгээ хууран хамгийн явуургүй, ирээдүйгүй төсөл  шалгаруулдаг буруу жишиг тогтож улмаар авилгын сүлжээг бий болгож, зальт этгээдүүдээр чанаргүй барилга бариулсан болж, хөрөнгө шамшигдуулах, үргүй зардал гаргах үүд хаалгыг нээж,  архитектурын олигтой бүтээл гарахгүй, архитектурын хөгжлийг чөдөрлөж  байна.

Дэлхийд улс орныхоо бүтээн байгуулалтыг хариуцан нийгмийн өмнө өндөр хариуцлага хүлээж байдаг архитектор, хүний алтан амь насыг хариуцдаг  хүний эмч хоёр мэргэжлийг хамгийн хариуцлагатай мэргэжил гэж үзэн тэдгээрийг бэлтгэх, давтан сургах ажлыг маш нарийн шүүлтүүрээр шигшин сонгож, ажил үүргийг нь хуулиар баталгаажуулсан байдаг. Гэтэл манай орны архитектур, хот байгуулалтын ажлыг гардан авч явах учиртай боловсон хүчнийг бэлтгэх ажил мөн л буруу замд оржээ. 4,6 сая хүнтэй Сингапур Улсад ганцхан архитектурын сургууль байхад манай улсад ШУТИС-аас гадна орон тооны багшгүй, шаардлага хангасан анги танхимгүй, үзүүлэн материал, сурах бичиггүй долоон газар мэргэжлийн байгууллагын оролцоогүй, сонгон шалгаруулалтгүйгээр мөнгө олох зорилгоор архитектор бэлтгэж байгаагаас шаардлага хангасан архитекторч тэр бүр төгсөхгүй, архитекторч нэртэй хүмүүс ажилгүйчүүдийн эгнээг өргөжүүлсээр байна. Тухайлбал, ХААИС жил бүр 20 орчим ландшафтны архитекторч бэлтгэж байх жишээтэй байна. Архитекторчдыг мэргэшүүлэх, давтан сургах, мэргэшлийн зэрэг олгох ажлыг мөн л мэргэжлийн байгууллагын оролцоогүй, тогтсон журамгүй хийж байгаагаас тэд мэргэжлийн байгууллагаас тавих нэгдсэн бодлогын гадна  ажиллах нөхцөл бүрдэж, архитектурын чанаргүй бүтээл гарах, архитекторын ёс зүйн хэр хэмжээ алдагдах үүд хаалга нээж байна.

      Архитектур,хот байгуулалтын салбарт үүссэн  дээрх нөхцөл байдлаас үүдэн хот, суурин, барилга байгууламж нь хүний эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах хэвийн нөхцөлийг алдагдуулж, хүрээлэн буй орчинг болон архитектур, түүх соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн засах ажил орхигдож, монгол орны хот байгуулалтын уламжил устах замаар уруудаж явна. Манай орны хот байгуулалт, архитектур  ийм байдалд хүрсэн нь дээрхи ажлыг мэргэжлийн хүрээнд зангидан удирдах, нэгдсэн техникийн бодлогоор хангах үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагууд, захиалагч, хөрөнгө оруулагч холбогдох бусад байгууллагын үйл ажиллагааг зохицуулж байдаг Архитектурын тухай гол хуулиа гаргалгүй Барилгын тухай, Хот байгуулалтын тухай зэрэг салангад хуулийг баталсан болон түүнийг хэрэгжүүлэх нэрээр олон байгууллагын явцуу эрх ашгийг хамгаалсан заавар, журмууд гаргасанаас үүдэлтэй юм. Нэгэнт бүтээн босгосон хот, суурин, архитектурын бүтээл нь ихээхэн хүч, хөрөнгийг зарцуулж бүтээгдээд хэдэн зуун жилээр мөнхөрдөг тул энэ ажлыг мэргэжлийн удирдлагаас салгаж, эрх мэдэлтнүүдийн дураар явуулж хэрхэвч болохгүйг өнгөрөгч жилүүдэд бий болсон харамсалтай, гашуун “туршлага” харууллаа. Дээрхи алдаанаас сургамж авч,  хаана хаанаа ухаарч, амьдрал зүй ёсоор шаардаж буй Архитектурын тухай хуулийг гаргах цаг болжээ.

                                        Архитектор  Д.Бат       

 

2015-09-18
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 20
  • Сүүлийн 7 хоногт: 438
  • Энэ сард: 1397
  • Нийт: 66927

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC