Архитектурын тухай товчхон

         Архитектур нь аливаа үндэстний өвөрмөц шинж чанар, онцлог, соёл, зан заншил, ертөнцийг үзэх үзэл, амьдрах хэв маяг, түүхэн хөгжил зэргийн тусгал юм. Тухайн улс үндэстний дахин давтагдашгүй соёл ахуйг өөртөө шингэж байдгаараа архитектур бол соёлын өв уламжлалын чухал хэсэг нь болдог. Монголын архитектур ардын уран бүтээлийн олон зуун жилийн хөгжлийг тусгасан өөрийн онцлог шинж чанартай бөгөөд үндэсний асар их үнэт өв болох учир түүх дурсгалаа нандигнан хайрлах нь төр засаг болоод жирийн иргэдийн үүрэг билээ.  Улсын драмын эрдмийн театр, Гадаад харилцааны  яам, Дашчойлон хийд, Өндөр Жанрайсагийн барилга зэрэг нь 2011 онд Азийн архитекторуудын холбооны бүртгэлийн номд орсон байдаг. Харин үүний цаана Монгол орны түүх соёлын гэрч болсон олон сайхан барилга байгууламж хуучирч муудан, нураах “зарлиг” хүлээн оршсоор байна. Гадаадын улс орнууд өөрийн үндэстний онцлог шинж, түүхэн хөгжлийн тусгал болсон дурсгалт барилга байгууламжуудаа хуучин төрхийг нь алдагдуулахгүйгээр сэргээн засварлаж, жуулчдын анхаарлыг татах газар болгон ашиглаж байхад манайд эсрэгээр нурааж сүйтгэж байгаа нь харамсалтай.

        Архитектурын түүх хүн төрөлхтний анхны орон байр, барилгын талаар хийсэн эхний алхмаас эхэлдэг. Иймээс Монголын архитектурыг Монгол нутагт сууж байсан улс үндэстний түгээмэл орон сууцнаас эхлэн судална. Монголын орд харш, тахил шүтээний барилгын архитектурын хөгжилд Монголчуудын хамгийн түгээмэл сууц болох гэр их нөлөө үзүүлжээ. Тийм учраас сүм дугана, орд харшийн янз бүрийн хэлбэртэй барилгуудад гэрийн хийц болон зохиомжийн үндэслэлүүдийг хэрэглэсэн нь тохиолдлын хэрэг биш юм. Монголын уран барилгад орд харш, бурхан шүтээний барилга байгууламжууд зонхилох байр эзэлж байжээ

       АРХИТЕКТУР -  Орон зайн төлөвлөлт уран сайхны дүр төрх, өөрийн өвөрмөц шийдэлдээ тухайн орны түүх, зан заншил, уламжлалыг тусгадаг учраас ард түмний оюуны сан хөмрөгийн тусгал, хүн төрөлхтний болон тухайн нийгмийн олон зуун жилийн хөгжил хувьсгалыг чулуу, тоосгоор бичсэн урлагийн түүх юм.

Архитектур (Латинаас architectura ба Грек хэлнээс, αρχιτεκτων, "мэргэжлийн барилгачин", αρχι- "удирдагч" ба τεκτων, "барилгачин, мужаан") нь байшин барилгыг төлөвлөх, зураг төслийг боловсруулах зэрэг үйл явцыг нэгэн зэрэг гүйцэтгэдэг шинжлэх ухаан юм. Архитектурын ажил нь барилгын материалын шинж хэв маягийн тухай ойлголтуудыг хүлээн авах тухай буюу, нөгөө талаар энэ нь соёлын бэлэг тэмдэг, урлагийн талын ажил болж байдаг.

"Архитектур" гэдэг нь:

• Барилга болон бусад биетийн бүтэц, байгууламжийг тодорхойлох ерөнхий нэршил юм.

• Зураг төслийг гарган боловсруулах, барилгыг сүндэрлүүлэн босгох болон бусад биетийн бүтэц байгуулалтын талаарх шинжлэх ухаан болон урлаг юм.

• Барилгын бүтээц, байгууламжийг гаргах, бусад биетийн зураг төслийг боловсруулах зэргийн аргачлал, хэв маяг юм.

• Байгаль орчинд босгох барилгаа мэргэжлийн үйлчилгээнүүдтэй хамтад нь босгох үеийн уран барилгач хүний дадал, сургуулилт юм.

• Уран барилгач хүний макро түвшнээс (хотын үзэмж, архитектурын шийдэл) микро түвшин (детальчилсан бүтэц, байгуулалт, тавилга гэх зэрэг) хүртэлх барилга, байгууламжийн зураг төслийн үйл ажиллагаа юм.

• Мэдээллийн технологийг тодорхойлоход нийтлэг хэрэглэгддэг ямар ч төрлийн систем, тогтолцоо зэргийн зураг төслийг боловсруулах зэргийн нэршил юм.

       Барилга, архитектурын хамаарал нь барилга байгууламжийг төлөвлөн, зураг төслийг боловсруулах зэргийг гүйцэтгэхдээ орон зайн хувьд байгаль орчин, нийгэм, техник болон гоо зүйн хувьд  тэдгээрийн хэвийн нөхцлийг хангахад зөв байхаар сайтар бодож, тооцоолох юм. Энэ нь материал, технологи, гэрэл болон сүүдрийг хооронд уялдуулан, зохицуулах нарийн төвөгтэй аргыг боловсруулах бүтээлч ур чадварыг шаардаж байдаг.

      Архитектур нь мөн барилга, бүтээц, үнэ өртгийг бодитойгоор зөв тооцоолон гаргах зэрэг ойлголтуудыг хамарч байдаг. Ерөнхий зураг төлөвлөгөө, техникийн үзүүлэлтүүд зэргийг баримтжуулах нь барилгын бүтэц, байгуулалт эсвэл  бүтцийн системийг тодорхой болгодог байна.

2015-09-16
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 44
  • Сүүлийн 7 хоногт: 509
  • Энэ сард: 1504
  • Нийт: 63054

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC