“Архитектурын тухай “хуулийг МАЭ-ээс боловсруулж байна (VIP.76.mn сайтад өгсөн ярилцлага)

Монголын Архитекторуудын Эвлэлийн Ерөнхийлөгч, архитектор Эрдэнэсайханы Хүрэлбаатартай Архитектур, хот төлөвлөлт Барилгын салбарт ямар нөлөө үзүүлж байгаа талаар ярилцлаа.

Тэрээр архитекторч мэргэжилтэй бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектороор ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын хөгжлийн 2020 оны ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлагынбаримт бичгийг боловсруулах ажлыг зохион байгуулж, багт ажиллажээ. 

-Барилгын салбар тэргүүлэгч байхад архитектурынүүрэг оролцоо,   Архитектурын хөгжлийн талаар яриагаа эхлэх үү?

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн хадан оромж, агуйд амьдарч, агуйн хананд дүрс зураг зурж, үржил шимтэй газар руу нүүдэллэн амьдрахдаа задгай бууц ашиглан, улмаар газар тариалан, мал аж ахуйт амьдралын хэлбэрт шилжсэнээр анхны суурьшил үүссэн гэдэг.

Эртний хүмүүс арслан зааны ясыг ашиглан ясан оромж анх барьсан байдаг.  Анхны тариачдын тосгоны оромж нь олон жижиг тасалгаануудтай тааз байсан гэдэг. МЭӨ 8000 он гэхэд чулуун суурь, зөгийний үүр хэлбэрийн байшин, хашаатай болж, тосгонууд хөгжин тэлсээр том жижиг хотууд үүссэн байдаг.

Энэ үеэс дэлхий нийтэд “архитектур”-ын тухай ойлголт, мэдлэг, ухаан, арга барил бий болж, хүний хөгжил, нийгэм, эдийн засгийн өөрчлөлттөй холбоотойгоор шинжлэх ухаан, соёл, урлагийн илэрхийлэл болж хөгжиж ирсэн.  

“Архитектур” гэсэн нэр томъёо нь ихэнх улс орнуудад орчуулагдалгүй шууд хэрэглэгддэг бөгөөд утгын хувьд латин хэлний (architectura ба Грек хэлнээс, αρχιτεκτων, "мэргэжлийн барилгачин", αρχι-"удирдагч" ба τεκτων, "барилгачин, мужаан") гэсэн үгнээс гаралтай, биетийн бүтэц, барилга байгууламжийг төлөвлөх, зураг төслийг боловсруулах, барих, бий болгох чиг үүрэг бүхий шинжлэх ухаан, урлагийн нэгдэл юм.

Манай улсын хувьд хангай, говь, тал хээр хосолсон, өргөн уудам нутаг дэвсгэртэй орны хувьд өөрийн онцлог бүхий архитектурыг бий болгосон гэж үздэг. Үүний жишээ бол эртний Хүннү гүрний нийслэл Луут хот, Хархорум хот, Шар бүсийн орд хот,  Барс хот зэргийг байгуулж байсан.

Монгол улсад 1926 онд шинэ үеийн Барилгын байгууллага, мөн Архитектурын зураг төслийн байгууллага үүсч байгуулагдсан. 

-Барилга хот байгуулалтын салбарт “архитектур”-ын бодлого хууль эрх зүй ямар байдаг вэ 

Тэгэхээр Архитектурыг Эзлэхүүн төлөвлөлтийн архитектур, Хот төлөвлөлтийн архитектур, Ландшафтын архитектур, Сэргээн засалтын архитектур, Барилга байгууламжийн дотор, гадна засал чимэглэлийн архитектур гэсэн төрөл болгон үздэг.

Эзлэхүүн төлөвлөлтийн архитектур гэдэг нь  барилгыг хэлж байгаа юм. Барилга барих нэг хэрэг түүнийг төлөвлөх, хадгалж хамгаалах нь хамгийн чухал байна.

1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, улмаар зураг төсөл, барилга, хот байгуулалтын салбар дахь хууль тогтоомжийг шинэчлэхдээ Архитектурыг зөвхөн барилга, зураг төсөл гэсэн байдлаар хуульчилж, барилга, хот төлөвлөлт, байгуулалтын нэг хэсэг байдлаар төлөөлүүлсэн нь маш том алдаа болсон юм.

Дэлхийн улс орнуудад Архитектурын мэргэжлийн үйл ажиллагааг барилгын болоод хот төлөвлөлт, байгуулалтын хуулиас тусад нь бие даасан хуулиар зохицуулж байна. Барилгын тухай хууль тогтоомж нь барилга байгууламжийг эрүүл ахуй, аюулгүй байдал, амьдрах орчных нь үүднээс хамгийн наад захын техникийн стандарт, шаардлагыг тодорхойлж, барилгын ажил гүйцэтгэгч, барилгын материал үйлдвэрлэгч нарыг бүртгэх, тэдгээртэй холбогдон үүссэн харилцаануудыг зохицуулдаг.

Харин Хот байгуулалтын тухай хууль тогтоомж нь барилга байгууламжтай холбоотой илүү өргөн олон нийтийг хамарсан асуудал, тухайлбал: түүхэн, соёлын болоод гоо зүйн үнэ цэнийг хамгаалахтай холбоотой үйл ажиллагаа, чиг хандлагыг зохицуулдаг.

Ромын Колоссиум Орчин үеийн спортын бүхий л цэнгэлдэх хүрээлэн нь Колоссиумын загвараас санаа аван хийгдсэн гэж хэлж болно. Барилгын ажил МЭӨ 72-80 онуудад өрнөжээ. Ромын төвд байрлах тус цэнгэлдэх хүрээлэнд 50000 орчим үзэгч суун гладиаторын тулаан сонирхдог байв. XXI зуунд газар хөдлөлтийн улмаас зарим хэсэг нь сүйдсэн ч Ромын эзэнт гүрнийг илэрхийлэгч хамгийн чухал

Архитектуртай холбоотой харилцаа нь барилга байгууламж, хот байгуулалт төдийгүй бас түүх, соёл, шинжлэх ухаан, байгаль орчин, зохиогчийн эрх, хэрэглэгчийн эрх ашиг гэх мэт олон салбар, мэдлэг ухааны цогц.

Иймд Архитектурын мэргэжлийн үйлчилгээг, түүнтэй холбоотой бусад харилцааг дан ганц Барилгын тухай, эсхүл Хот байгуулалтын тухай хууль тогтоомжоор зохицуулах нь учир дутагдалтай байна.

Аливаа объект, барилга байгууламжийн анхны эх загвар, өнгө үзэмж, хэлбэр дүрс, төлөвлөлт, философи, үзэл баримтлал, орчны уялдааг архитектор бодож төлөвлөн, архитектурын зураг гаргасны дараа инженерүүд тооцоо, техникийн зургийг хийж, эцэст нь барилгачид барьсанаар уг бүтээл бодит барилга байгууламж болдог.

Зарим барилга байгууламжийн архитектур төлөвлөлт муу байна гэж яридаг нь архитектурын бүтээл захиалагчийн хүсэл, хөрөнгө санхүүд захирагдаж, өнгө үзэмж, орчны уялдааг дутуу төлөвлөсөн, мэргэшсэн архитекторуудын санал, мэргэжлийн шийдлийг тусгадаггүй, мэргэжлийн бус хүмүүс өөрчилдөгтэй ихээхэн холбоотой байна.

Манайд түүхэн болоод соёл, урлагийн чиглэлийн архитектурын чухал обьектуудыг хувьчилж эхэлсэн. Төрийн болон орон нутгийн өмчид байдаг эдгээр архитектурын обьектыг хувьчилж болох хэдий ч Монгол Улсын түүх, соёлын үнэ цэнэ бүхий барилга байгууламжийг аль болох хадгалж үлдэх, архитекторын зохиогчийн эрхийг зөрчихгүй байх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар томилох”, “ерөнхий архитектороор удирдуулсан Хот байгуулалт, барилга захиалагчийн албыг байгуулах” эрхийг аймаг, нийслэлийн Засаг даргад олгосон. Мөн тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт ерөнхий архитекторын эрх, үүргийг тодорхойлж өгсөн.

Дээрх зүйл, заалт нь Монгол Улсын хуульд байгаа Архитектуртай холбоотой үндсэн зохицуулалт гэж хэлж болохоор байна.

Тухайлбал: Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар “ерөнхий архитектороор удирдуулсан Хот байгуулалт, барилга захиалагчийн албыг байгуулах”-даа аймгуудад “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар” болгон өөрчилж газрын харилцааны мэргэжилтэй хүн дээрхи чиг үүргийг удирдан хэрэгжүүлж байна. Ийм байхад хот байгуулалт ямар байх нь тодорхой.

-Эмх замбараагүй хоорондын зай хэмжээ нь ойртсон барилгууд их баригдаж хүмүүст стресс үүсгэж байна. Архитекторын хувьд санал нийлэх үү

Энэ асуудлыг л зохицуулах зохицуулалт дутмаг байгаагаас асуудал үүсээд байгаа юм. Мөн хууль эрх зүй, норм дүрэм муутай учраас өнөөдрийг аргалсан журам хүртэл хотоос гаргаад л явж байна.

Аймаг, нийслэлийн ерөнхий архитектор нь хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэх боломж хязгаарлагдаж, тухайн хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хэрэгжихгүй болж, төлөвлөлт, байгуулалтын уламжлал эвдэгдэж, олон тооны гудамж, зам, талбай, явган зам хаагдаж, хотын өнгө төрх, аюулгүй байдал, эрсдэл нэмэгдэж, агаар, ус, хөрсний бохирдол, замын түгжрэл ихээр бий болж, газар хөдлөлт, гал түймэр, үер ус зэрэг болзошгүй аюул тулгарахад хүн ам, эд хөрөнгийг шуурхай аврах боломж алдагдаж байна.

Хууль тогтоомж, төрийн бодлогын түвшинд архитектурыг анхаарч үзээгүйгээс захиалагчийн хүссэнээр л зураг төсөл хийгдэж, бусдын ажиллаж, амьдрах эрхэд ноцтойгоор халдсан барилга байгууламж баригдах зэргээр зөвхөн мөнгө олох хэрэглүүр болгож байгаа нь Архитектурын шинжлэх ухааны нэр хүнд, олсон амжилт бүтээлийг үгүйсгэж хот байгуулалтанд засах аргагүй алдаа гарч байна.

Тухайлбал: Орон сууц, эсвэл контор, зочид буудлын барилга байгууламжийг хэт төвлөрүүлэн нийгмийн дэд бүтэц болох цэцэрлэг, сургууль, эмнэлэг, бусад үйлчилгээний төвгүйгээр зураг төсөл боловсруулж, барилгажуулснаас иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг зохих түвшинд үзүүлж чадахгүй нөхцөл байдал үүсээд, нийгмийн үйлчилгээ авах гэж замын түгжрэл бий болгож  байна. Нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэнг устгаж барилга байгууламж ихээр барьснаас нийслэлд нэг хүнд ногдох ногоон байгууламж 12 м2 байсан бол 3 м2 болж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбай дэлхийн дундаж 24 м2 байгаагаас даруй 8 дахин бага болсон байна.

 Улсын хэмжээнд янз бүрийн хэв загвартай архитектурын бүтээл гэж хэлэхээргүй олон тооны хөшөө, дурсгал, суваргыг төлөвлөлтгүй барьсан нь манай улс архитектурын нэгдсэн, цэгцтэй бодлого, тогтолцоогүйгээс болж байна.

Манай улсад 60 жил болж буй барилгыг хуучирсан нураах ёстой гэж үзэн, зах зээлийн үнэлгээ нь буурч байхад Жишээ нь Англи Улсад 100 жил болсон барилгаа саяханых гэж мөн  хуучин барилга, архитектурын бүтээлээ сэргээн засварлаж, насжилтыг нь удаашруулж, үнэ цэнийг нь өсгөж аялал жуулчлалд ашиглаж, олон зуун жил эдгээр барилгыг хадгалж, хамгаалж ирсний үр дүнд жуулчидын тоо нь жилдээ 17 саяар хэмжигдэж, жил бүр 4.2 тэрбум фунтыг эдийн засагтаа оруулж байна.

“Архитектурын тухай “хуулийг  Монголын архитекторуудын Эвлэлээс боловсруулж байна.

Энэ нь Английн архитекторуудын ур чадвар, туршлага олон улсын түвшинд үнэлэгдэж буйн илрэл гэж үзэхээс гадна улсаа таниулах, улсдаа эдийн засгийн дэмжлэг үзүүлэх, тухайн бүтээлийг хадгалж хамгаалахад эрх зүйн орчин сайн байгаагийн үр дүн, архитекторуудын оруулж буй хувь нэмэр юм.

Манай улсад архитектурын зураг төслийг боловсруулах, архитекторуудыг сургах, үргэлжилсэн сургалт хийх, мэргэшүүлэх, зэрэг дэв олгох, аттестатчилах ажлыг мэргэжлийн бус байгууллагаар хийлгэж, мэдлэг, туршлага шаардсан ажлуудад зохих мэргэжлийн хүмүүсийг оролцуулдаггүй, санаа, бодол, шийдлийг нь тусгадаггүй, хөндлөнгийн этгээдүүд, улс төр хэт оролцож байгаа зэрэг нь архитектурын хөгжилд ихээхэн саад болж байна.

-Тэгвэл үүнийг яаж зохицуулах ёстой вэ. Ямар хууль эрх зүйн орчин шаардлагатай байна вэ.

“Архитектурын тухай “хуулийг  Монголын архитекторуудын Эвлэлээс боловсруулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “салбарын мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг дэмжиж, салбарын хэмжээнд мөрдөх стандарт, ёс зүйн дүрэм, үйлчилгээний зэрэглэл, тарифын зохицуулалтыг батлах эрх олгох.”, “төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг бодитойгоор хэрэгжүүлэх;” зэрэг мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг дэмжих, тэднээр төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх, эрх олгохоор заасан.

Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “аялал жуулчлалын дэд бүтэц, барилга, байгууламжийг тухайн нутгийн онцлог, нөөцөд тулгуурлан хөгжүүлэх, “шинээр барих барилгын зураг төсөлд эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай шийдлүүдийг тусгах зэрэг зорилтууд тавьсан.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан барилга байгууламж, хот байгуулалтын төлөвлөлттэй холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэх, архитектурын мэргэжлийн үйл ажиллагаа, түүний эрх зүйн орчинг бий болгохоор “Архитектурын тухай “хуулийг  Монголын архитекторуудын Эвлэлээс боловсруулж байна.

Олон Улсын Архитекторуудын Эвлэлээс гаргасан “Архитектурын мэргэжлийн олон улсын стандарт”-ын зөвлөмжийг Засгийн газар, хууль тогтоогчид, мэргэжлийнхэнд зориулсан ба дэлхий нийтээр мөрдлөг болгож байна. Монгол Улс ч мөрдөх үүрэгтэй.

Уг зөвлөмжөөр Улс орон бүр архитекторуудын эвлэлийг байгуулах, эрх зүйн статусыг хуулиар зохицуулахыг дэмжсэн байдаг ба архитекторын үргэлжилсэн сургалт, архитектор мэргэжлийг бүртгэх, лицензжүүлэх, мэргэжлийн холбоо институц, түүний зохион байгуулалт, үйл ажиллагааг тодорхой болгох, дагаж мөрдөх ёс зүйн дүрэм, сургалтын хөтөлбөрийг боловсруулах чиглэл гаргасан байдаг.

Архитектор нь мэргэшсэн, хараат бус бие даасан, тууштай, хариуцлагатай байх зарчмыг улс орнуудад баримталж байна. 

АНУ, ОХУ, Англи, БНХАУ, Австрали, Солонгос, Малайз, Япон зэрэг ихэнх хөгжсөн улсуудад “Архитектурын тухай”, “Архитекторын тухай” хуулиудаар архитектурын мэргэжлийн үйл ажиллагаа, архитекторын хариуцлагыг нэмэгдүүлэх, бүртгэлжүүлэх, лицензжүүлэх зэргийг зохицуулж өгсөн нь ихээхэн ололт, амжилт олсон байдаг. Тэгвэл Монголын барилга хот байгуулалтын салбарт өнөөдөр үүсээд буй тулгамдсан асуудлуудыг зохицуулахад Архитектурын тухай хууль маш том өөрчлөлтийг авч ирнэ гэж харж байгаа.

Монголын Архитекторуудын Эвлэл 1963 онд Олон Улсын Архитекторуудын Эвлэлийн гишүүнд элссэн. Тийм учраас олон улсын стандартыг мөрдөх үүрэгтэй.

-Хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн чиг хандлага, хотын хөгжил дэвшлийн талаар  та  Хотын ерөнхий архитектороор ажиллаж байсан мэргэжлийн хүний хувьд бодол, саналаа хэлнэ үү?

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх  ерөнхий төлөвлөгөөг үндэсний мэргэжилтнүүд бие даан маш сайн боловсруулсан ба цаг үеийн шаардлагаар энэ 2020 оны хөгжлийн төлөвлөгөөнд тодотгол хийж 2030 оны чиг хандлагыг үндэсний мэргэжилтнүүд бид тодорхойлж УИХ-аар анх удаа 2013 онд батлуулсан.

Энэ ажлыг 2010 оноос 2012 оны хооронд боловсруулсан. Одоо хэрэгжүүлэх төлөвлөгөөг БХБЯ, Улаанбаатар хот хамтран Засгийн газраар батлуулж  хөрөнгө мөнгийг шийдэж төсөл хөтөлбөр болгон хэрэгжүүлэх л үлдсэн. Үүнийг  хийхгүй л байна. Тэгэхгүй бол цаг үеэсээ хоцрох аюултай.

Архитектор нь мэргэшсэн, хараат бус бие даасан, тууштай, хариуцлагатай байх зарчмыг улс орнуудад баримталж байна. 

Тодотгол хийсэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хотын зохисгүй төвлөрлийг задлах, суурьшлын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, хүрээлэн буй орчны тогтвортой менежментийг бий болгох, хотын дотоод бүтцийг боловсронгуй болгох, хот төлөвлөлтийн бүсчлэлийн тогтолцоог шинэчлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх, төлөвлөлтгүй суурьшсан гэр хорооллыг  төлөвлөлттэй бүсэд оруулж хөгжүүлэх талаарх төлөвлөлтийн шийдлүүдийг тодорхойлсон. Улаанбаатар хотын хөгжлийн 2020 оны тодотгол шинэчилсэн ерөнхий төлөвлөгөөний баримт бичигт хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийг шинэчлэн, хот төлөвлөлтийн бүсчлэлийг анх удаа тодорхойлсон.

Хотын чиг үүргийн одоогийн бүсчлэл ихээхэн холимог төрхтэй байгааг цаашид хот төлөвлөлтийн 7 үндсэн бүс, 20 дэд бүсийн хэмжээнд хөгжүүлэх ба бүсүүдийн газар ашиглалтыг боловсронгуй болгож, тухайн бүсэд зөвшөөрөгдөх үйл ажиллагааны үндсэн чиглэл, барилгажилтын нягтрал, барилгажуулах хувийг тогтоож өгсөн нь шинэчилсэн ерөнхий төлөвлөгөөний нэг гол онцлог, шинэчлэл болсон.

Монгол улс үндсэн хуулиараа ганц хоттой ба зөвхөн ганц хотын асуудлаа л өнөөдрийг хүртэл ярилаа шүү дээ.  Бидэнд улсаа хөгжүүлэхийн тулд аймгийн төвүүдийг хот болгох дагуул хотыг хөгжүүлэх шаардлага гарч байна.

-Улс орны хэмжээний нэгдсэн төлөвлөлт, бодлогын талаар архитекторуудын оролцоо ямар байна вэ?

Улсын хэмжээний нэгдсэн бодлого төлөвлөлт үнэхээр үгүйлэгдэж байна. Улс орны хөгжлийн талаар  хий хоосон хөгжил ярисаар л байна.  Хөгжлийг эдийн засгийн өсөлт гэж өрөөсгөл байдлаар харж болохгүй.

Манай улсын хүн амын амьдрах тохиромжтой орон зай, тааламжит орчинг өөрийн хөгжиж ирсэн онцлог, газар нутгийн нөөц баялаг, цаг уурын өвөрмөц нөхцлүүдтэй уялдуулан цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан тодорхойлох, нийгэм эдийн засгийн ойрын, ирээдүйн хөгжил, нийгмийн дэвшилд нөлөөлөх бодит үр дагавар бүхий нутаг дэвсгэрийг зохион байгуулах шаардлагатай.

Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн талаар ойлголт өгөх нь зөв байх л даа.

 Энэ нь Улс орны нутаг дэвсгэр, хүн амын суурьшлыг бүхэлд нь цогцоор авч үзэж боловсруулдаг төлөвлөгөө, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, бүс нутгийн төлөвлөлт, бүсчлэл, хот байгуулалт, нийгэм соёл, эдийн засаг, байгаль орчин, зам тээвэр дэд бүтцийн гэх мэт бүх салбарын төлөвлөлтүүдийг багтаасан орон зайн төлөвлөлтийн хамгийн дээд түвшиний иж бүрэн баримт бичиг юм.

Энэ баримт бичгийг үндэслэн бүс нутаг орон нутаг болон салбаруудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө дунд болон богино хугацааны стратеги төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүд, төсөв, хөрөнгө оруулалтын бодлогууд боловсруулагддаг.

Шинжлэх ухааны үндэслэлтэй орчин үеийн энэхүү төлөвлөлт нь баруун европт үүсч бусад улс оронд тархсан байдаг. Тухайлбал Өмнөд Солонгос гэхэд энэ төлөвлөгөөг 1960 оноос хойш 4 удаа хийж 2013 онд 5 дахь удаагаа хийж тодотгосон туршлагатай улс байна.

Энэ төслийг боловсруулах үндэслэлүүд манайд хангалттай байна.

Дэлхийн геополитикийн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж, улс төрийн нөхцөл байдал, эдийн засгийн аюулгүй байдлын харилцан хамаарал ихтэй болж хөрш зэргэлдээ орнуудын эрчимтэй хөгжил, идэвхтэй хамтын ажиллагааны нөлөө ихсэж байна. Хүн ам цөөн газар нутаг том, зах зээлийн багтаамж бага, дэд бүтэц, үйлдвэрлэл эдийн засгийн сул хөгжилтэй байглийн баялаг ихтэй манай улсын хувьд өргөн хүрээний тооцоо судалгаатай ШУ-ны үндэслэлтэй ухаалаг орон зайн төлөвлөлтийг хийснээр ирээдүйд эрчимтэй хөгжих үндэс суурь тавигдана.

Монгол улсын хүн ам 3,0 сая болж, малын тоо 50 сая илүү гарч, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт тогтвортой өсөх хандлагатай болж, уул уурхай, барилгын салбарын өсөлт бий болж, аймгийн төвүүд нь нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон замын сүлжээтэй болж, хил орчмын суурьшлын бүсүүд бий болох хандлагатай байна.  Бид ухаалаг, ногоон хөгжлийн асуудлыг шинээр авч үзэж дээрхи төсөлд тусган хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Орон нутагт хөгжлийг бий болгож хүн амыг тогтвортой суурьшуулах зөв арга хэмжээг авч шинэ төлөвлөлт бодлого гаргах шаардлагатай болсон байна. Ийм гайхамшигтай байглийн өгөгдөлтэй ухаантай аугаа ард түмэн ядуу буурай амьдрах ёсгүй юм.

Өнөөдрийн бодит байдал улс орны эдийн засгийн хямралт байдал  нь тооцоо судалгаа муутай, нэгдсэн бодлого төлөвлөлтгүй, мэргэжлийн байгууллагуудынхаа шийдлийг ойлгодоггүй, улс төрийн харалган шийдвэрийн үр дүнд улс орон ард иргэд хохирсоор байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалт үр дүнгүй болж байна. Шаардлагатай, шаардлагагүй зүйлээ ч ялгахгүй болжээ.

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнөөс өөр орон зайн төлөвлөлтгүй, Үндэсний хөгжлийн цогц бодлогооос өөр том, урт хугацааны төлөвлөлтийн баримт бичиггүй байгаа зэрэгээс өнөөдрийн хүндрэл нөхцөл байдал үүсч байна.

Эхлээд зайлшгүй төлөвлөх ёстой дараа нь хэрэгжүүлэх ажил хийгдэж байж хөгжил явагдана. Тулгамдсан асуудлуудыг зөв тогтоож, тэдгээрийг шийдвэрлэх зорилго, зорилтуудаа хамгийн зөв тодорхойлж, хэрэгжүүлэх тогтолцоогоо бүрдүүлэн төлөвлөвөл хэрэгжүүлэх боломжтой, амьдралд нийцсэн төлөвлөлт болж хэрэгждэг. Бид хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг сайн хийсэн гэвч хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэлт  дээрээ алдаад байна. Ялангуяа төлөвлөснөө хэрэгжүүлэх үе шатандаа хамгийн их алдаж байна. 2013 онд батлагдсан ЕТ-ний хэрэгжүүлэх эхний ээлжийн төлөвлөгөө  өнөөдөр  ч батлагдаагүй л байна ш дээ.

 Ерөнхий төлөвлөгөө нь дээд түвшний төлөвлөлтүүд болох Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутгийн хөгжлийн төслүүдтэй нягт уялдаатай төлөвлөгдөж дараагийн түвшний төлөвлөлтүүд буюу салбарын бусад хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийн үндсэн чиглэл, тавигдах шаардлагуудыг тодорхойлж, хот байгуулалт, төлөвлөлтийн үйл ажиллагааны удирдамж нь байх ёстой.

Барилга хот байгуулалтын салбар улс орны тэргүүлэгч салбар учраас энэ хөгжлийн орон зайн төлөвлөлтийг боловсруулах үндсэн үүрэгтэй.Үүнийгээ хийх хэрэгтэй.

-Хотын төвлөрлийг сааруулахын тулд хүн амын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ёстой юу? Авто замын түгжрэл гээд хүндрэлтэй зүйл их байна. Таны бодлоор хамгийн оновчтой гарц юу вэ?

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал нь зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш, улс үндэсний тусгаар тогтнол,  аюулгүй байдал, ирээдүйн хөгжлийн зангилаа асуудал юм.

Хотын хөгжилд хүн амын өсөлт хамгийн чухал. Хүн ам өсч байж хот хөгжинө. Үүнийг УИХ-аар батлуулсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө шийдвэрлэсэн гэж болно. Авто замын түгжрэлээс гарах гарц бол автозамын сүлжээг боловсронгуй болгох явдал.

Улаанбаатарын автозамын шинэчлэлийг 2009-2012 онд маш сайн хийсэн. Бүх гүүрэн байгууламжууд шинэчлэгдсэн, Нарны гүүр баригдсан, төв болон томоохон бүх замууд засвар биш шинэчлэл хийгдсэн. Богд уулын арын 17.5 км зам, Нисэх яармагийн хурдны зам, хот руу орох гарах бүх замууд гээд бүгд л 2012 онд эхэлчихсэн байсныг ард түмэн мэдэх байх.

Шинэчлэлийн засгийн газар бондын мөнгөөр хот доторх уулзварыг судалгаа муутай өргөтгөж ачааллыг нэмж байхын оронд хотын гадна тойрог замыг батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу өмнөх засгийн төлөвлөснийг үргэлжлүүлэн барих хэрэгтэй байсан юм. Мөн томоохон уулзварт олон түвшиний огтолцлолыг барихгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй л байх. Мөн нийтийн тээвэр, метроны ТЭЗҮ-г 2012 онд бүрэн хийчихсэн.

Үүнээс хойш юу ч хийсэнгүй ш дээ.  2009-2012 онд шинээр барих хорооллуудын дэд бүтцийг шийдчихээд барьж байгуулах ажил эхэлсэн Тухайлбал 7,14.Буянтухаа,Яармаг,Баянголын ам гээд томоохон хорооллуудын бүтээн байгуулалт эхэлсэн байсан. Хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулсан. Мөн ТЭЦ-4 ийн өргөтгөл, агаарын бохирдлыг бууруулахаар бүсчлэл тогтоож шахмал түлш хэрэглэж эхэлсэн байсан. Одоо энэ бүгд зогссон л харагдана.

Хөшгийн хөндийн шинэ нисэх буудлыг дагасан 100000 хүн амтай хотын ерөнхий төлөвлөгөөг 2012 батлуулсан. Онгоцны шинэ буудал ашиглалтад орох гээд байдаг хажууд нь хов хоосон л байна даа.  

-Монголын Архитекторуудын Эвлэл ойрын үед ямар ажлууд төлөвлөж байна вэ?

Монгол улсад зураг төслийн байгууллага байгуулагдсаны 90 жилийн ой ирэх жил болно. Мөн Монголын Архитекторуудын Эвлэлийн 60 жилийн ой болно. Энэ хүрээнд бид олон ажлыг зохион байгуулж байна.

Бид өнгөрсөн хугацаанд Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор Олон Улсын эмэгтэй архитекторуудын 17 дугаар их хурлыг Монголдоо өндөр хэмжээнд зохион байгуулсан. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад архитекторуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр чуулж Улаанбаатарын тунхаглал гарган дэлхий нийтийг уриалсан арга хэмжээг зохион байгуулсан.

Энэ онд азийн орнуудын архитекторуудын Ногоон барилгын зөвлөлийн 7 дугаар формыг 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар МАЭ-ийн ажлын алба бэлтгэл ажил хийж байна.

 Төрийн зарим чиг үүргийг Мэргэжлийн Төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх ЗГ-ын тогтоолын дагуу салбарын яамнаас шийдвэр гаргаж өгвөл архитекторуудын мэргэжлийн сургалт, зэрэг дэв олгох асуудлыг олон улсын стандартаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба байр, мэргэжлийн баг бэлэн байна.

Архитекторын үнэлэмж нэр хүндийг өсгөх, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Архитектурын тухай хуульд энэ бүгдийг зохицуулж өгөхөөр тусгаад байгаа.

Энэхүү хууль батлагдвал Монгол Улс олон зуун жилийн туршид хадгалагдан өвлөгдөж ирсэн архитектурын бүтээлээ хамгаалах, сэргээн засварлах, архитектурын шинжлэх ухаан, урлагийг хөгжүүлэх, дэлхийд гайхуулагдах үндэсний уламжлалыг тусгасан томоохон бүтээлүүд хийгдэж, улс орны эдийн засагт өсөлт гарч, аялал жуулчлал хөгжих, манай архитекторууд дэлхийн мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран ажиллах нөхцөл боломж бүрдэнэ.

Хот төлөвлөлт, байгуулалт хуулийн дагуу явагдаж, хотын болон барилгын өнгө үзэмж дээшлэн чанар, стандарт сайжирч, экологийн тэнцвэр хадгалагдаж, ногоон байгууламж бүхий хүний амьдрах орчин сайжирч, архитектурын салбарын түүхэн хөгжил шинэ шатанд гарах нөхцөл бүрдэнэ.

 Архитектурын мэргэжлийн 4 зарчмыг тухайлбал: мэргэшсэн байх, хараат бус бие даасан байх, тууштай байх, хариуцлагатай байхыг, мөн архитекторын ёс зүйн дүрмийг биелүүлж, хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх болно. Мөн Архитектурын зохиогчийн эрх, зохиогчийн хяналт, даатгал, нөхөн олговорын зэрэг асуудал зохицуулагдана.

Энэ сард МАЭ БСШУЯ-тай хамтран мөн архитектурын ангитай бүх их дээд сургуулиудтай хамтран архитектурын сургалтын асуудлаар ээлжит зөвлөгөөн хийхээр бэлдэж байна.

-Ярилцсанд баярлалаа. 

 

2015-04-21
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 20
  • Сүүлийн 7 хоногт: 438
  • Энэ сард: 1397
  • Нийт: 66927

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC