МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛИЙН ХОРОО, МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭВЛЭЛИЙН ХАМТЫН АЖИЛЛЛАГАА

 

    Монголын урчуудын эвлэлийн хороо, Монголын архитекторуудын эвлэлийн удирдлагууд уулзаж, хамтын ажилллагааны талаар ярилцаж, анхны хамтарсан мэдэгдэл гаргав.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД  УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ ТАНАА

 

МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛИЙН ХОРОО,

МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭВЛЭЛИЙН

ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

 

 

2014 оны 4-р сарын 28-ны өдөр                                                         Улаанбаатар хот

 

            Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 164 дүгээр тогтоолоор Монголын төр, шашны нэрт  зүтгэлтэн ҮIII Богд Гэгээн Жавзундамба хутагтын хөшөөг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд, одоо байгаа гэрэлт хөшөөний дэргэд байрлуулах шийдвэр гаргажээ.

            Монголын Урчуудын Эвлэлийн Хороо, Монголын Архитекторуудын Эвлэл дээрх хөшөөг байгуулах ажлыг дэмжиж, энэ нь хот төлөвлөлтийн шийдэл болон хөшөөний утга санаа, агуулга, зохиомж, бэлэгдэл зэргийг төгс тусгасан архитектур-уран барималын цогц  шийдэл бүхий урлагийн шилдэг  бүтээл болох ёстой гэж үзэж байна.

Гэвч тухайн хөшөөг байрлуулахаар сонгосон байршилтай холбоотой хэд хэдэн асуудлууд байна. Үүнд:

1.Архитектур, урлагийн бүтээл талаас нь авч үзвэл:

  • Нэг талбай дээр хоёр хөшөө байх нь агуулга болон архитектур, урлагийн шийдлийн хувьд буруу юм.
  • Ямарваа нэгэн талбайд байрлуулсан хөшөө нь тодорхой утга санааг агуулж архитектур, урлагийн нэгэн цогц зохиомж болон оршдог.  Гэтэл талбайн гол утга учир буюу Тусгаар тогтнолын билэгдэл болсон хөшөөний өмнө өөр нэгэн зүйлийг таглаж  байршуулах нь утга санааг алдагдахад хүргэнэ.
  • Одоо байгаа Тусгаар тогтнолын гэрэлт хөшөөний өмнө талд шинэ хөшөө байрлуулах  зай багтаамж байхгүй.
  • Хөшөө байгуулах талбайн эргэн тойрны барилгууд нь хөшөөний  масштаб болон утга агуулгатай нийцэхгүй.

2. Түүх болон шашин талаас нь авч үзвэл:

  • Тусгаар тогтнолын талбай дахь гэрэлт хөшөө нь Хүннү, Чингис хааны үеэс өнөөдрийг хүртэлх Монголын төрт ёс, тусгаар тогтнолын түүхийг нэгтгэсэн бэлэгдэл юм. Иймээс Богдын хөшөөг энд байгуулах нь 2200 гаруй жилийн уламжлалтай  Монгол Улсын тусгаар тогтнолыг зөвхөн 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөр  төлөөлүүлсэн мэт сэтгэгдэл төрүүлэх сөрөг талтай гэдгийг анхаарах хэрэгтэй.
  • Уг талбай нь шашны тэргүүн Богдын амьдрал, үйл ажиллагаатай ямарч холбоо, хамааралгүй, шашны зан үйл, уламжлал, бэлэгдлийн хувьд  уг газар нь тохиромжгүй бөгөөд сүсэгтэн олны санаанд нийцэхгүй. 

Иймээс хөшөө дурсгал байгуулдаг олон улсын жишгийн дагуу VIII Богдын хөшөөг байгуулах тухай гарсан  шийдвэрийн гарсан байршлыг өөрчилж түүний амьдарч, заларч байсан Туул голын сав газарт Монгол Улсын Засгийн газрын 2001оны 96 дугаар тогтоолоор олгогдсон Ногоон ордны хамгаалалтын бүсэд “Богд хааны ордон музей”-тэй нэгэн цогцолбор болгож  байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа мэдэгдэж байна.

МУЭХ, МАЭ-ийн хамтарсан мэдэгдлийг   хүлээн авч хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье.

                                                                                    

Цаашид улсын хэмжээнд шинээр баригдах хөшөө дурсгал  уран баримал барих асуудал, түүний эскиз зургийг батлах, үүнтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд архитектур, хот төлөвлөлт, дүрслэх урлагийн мэргэжлийн олон нийтийн байгууллагууд уран бүтээлчдийн саналыг заавал авч байхыг санал болгож байна.

 

 

Хувийг:             Улаанбаатар Хотын Ерөнхий архитектор Н.Нацагдорж-д                                               хүргүүлэв.

МОНГОЛЫН УРЧУУДЫН

ЭВЛЭЛИЙН  ХОРООНЫ ДАРГА

.......................................................                

            Б.ТӨМӨРБААТАР

 

МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН

     ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ

   ....................................................

    Э.ХҮРЭЛБААТАР

 

2014-05-13
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 44
  • Сүүлийн 7 хоногт: 509
  • Энэ сард: 1504
  • Нийт: 63054

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC